Төсвийн ажилчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-10-07 14:00:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг зарлаж, нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй байгууллагуудын албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа. 

Нийслэлийн тээврийн газраас зарлаж буй дээрх аяныг 10 дугаар сарын 1-нээс эхлүүлж, нийслэл, дүүргийн албан хаагчид ажлын нэг өдрийг сонгон ажилдаа ирэх, буцахдаа нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалж байгаа аж. Тус газраас нийслэлийн нутгийн захиргааны 85 байгууллагаас судалгаа, санал авсан бөгөөд судалгаанд хамрагдсан 59 байгууллагын 5373 албан хаагчийн 3696 нь нийтийн тээврийн цахим карттай, нийтийн тээврээр үйлчлүүлж ажилдаа ирдэг 2671 албан хаагч байгаа бол хувийн автомашинаар ажилдаа ирдэг 2443 албан хаагч байгаа юм байна. Судалгаанд хамрагдсан байгууллагууд уг аяныг дэмжиж, долоо хоногийн нэг өдрийг сонгон нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтойгоо илэрхийлсэн талаар Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар өчигдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдааны үеэр хэлсэн юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уг аяныг дэмжихээ илэрхийлсэн бөгөөд нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг цаг тухайд нь хийж байх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллахыг Нийтийн тээврийн газрын даргад үүрэг болгожээ.
Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр

 
Холбоотой мэдээ