Ж.Нарантунгалаг Дэлхийн аваргын бүсээ хамгаалахаар тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-11-11 09:42:58

Монголын холимог тулааны анхдагч тулаанч Ж.Нарантунгалаг БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 21-нд ОХУ-ын тамирчин Марат Кафуровтай хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө тулалдана.

Тэрбээр жүдо бөхийн хар бүс, кёкүшин каратэгийн хар бүстэй бөгөөд “ONE FC”-д 10 ялж гурав ялагдаад буй. "ONE FC"-ийн 2014 оны Дэлхийн аваргын бүсийн эзэн Ж.Нарантунгалагтай уулзаж ярилцав.

-Холимог тулаан гэхээр бие хамгаалах урлагийн нийлбэр гэж ойлгож болох уу?

-Холимог тулаан гэдэг нь бокс, каратэ, бөх, кикбоксын арга техникийг нэг дор хэрэглэдгээрээ онцлогтой. Торон дотор болон рингэн дээр тулалдддаг. Тухайлбал, босоогоос барилдаж, унагааж, бокс шиг гараар цохиж, каратэ, кикбокс шиг өшиглөж, өвдөглөж, унасан хойно нь нүдэж цохиж, өчиж, боож болно. Ер нь бүх тулааныг хольчихсон. Бээлий нь маш нимгэн. Чөлөөт тулаан. Энэ тулаанд юу ч хийж болно.

-Хэзээнээс эхлэн энэ спортоор хичээллэв. Ямар амжилтууд гаргаж байв?

-Холимог тулаанчид өмнө нь бөх, тулааны спортоор хичээллэгсэд байдаг. Миний хувьд 1989 оноос жүдо, каратэгээр хичээллэж байгаад 1993 оноос эхлэн энэ спортыг сонирхон тэмцээн уралдаанд оролцож байна. Гадаадад 2000 оноос каратэгийн төрлөөр тулалдаж эхэлсэн. Анх кёкүшин каратэгийн жингийн ялгаагүй тэмцээнээс Азийн аваргын мөнгөн медаль, Оросын нээлттэй цомын тэмцээнээс шилдэг тоглолтын мөнгөн цом хүртэж байсан. Кён гэж дэлхийн шилдгүүдийг шалгаруулдаг тулааны төрөлд 2004 онд анх удаа Монголоос оролцож шилдэг 8-д хоёр жил дараалан багтсан. 2003 онд Монголд анх Д.Сумъяабазар аварга, их аварга Асашёорү Д.Дагвадорж нар холимог тулааны эхлэлийг тавьж, УАШТ зохион байгуулахад -93 кг-ын жинд түрүүлсэн. Мөн 2011 онд холимог тулааны 70 кг-ын аваргын бүсийг авч байлаа. Өнгөрсөн онд АНЭУ-ын Дубай хотноо болсон ДАШТ-нд Японы Кожи Ойши тамирчинтай аваргын бүсийн төлөө тулалдаж дэлхийн аваргын болзол хангасан.

-Маш хүнд спорт шиг санагддаг.Тамирчнаас нэлээн тэвчээр, ур чадвар шаарддаг байхдаа?

-Холимог тулааны төрөлд олон талын бэлтгэл хэрэгтэй. Босоо барилдаан, босоо тулаан, гарын тулаан, хөлийн өшиглөлт, өвдөг тохойн цохилт, хэвтээ тулаан, өчиг боолт, хэвтээгээс цохиж хамгаалах зэрэг бусад тулааны төрөлтэй харьцуулахад олон янзын бэлтгэл шаарддаг. Мөн сэтгэл зүйн бэлтгэл маш өндөр байх ёстой. Төвлөрлийн маш том бэлтгэл хийдэг. Хүний биеийн хүч /булчин, араг ясны шөрмөсний /-ээс сэтгэл зүйн хүч бол хамгийн хүчтэй. Булчингийн хүч бол удаан хугацаанд ажиллах тусмаа ядарна, цуцна, удааширна. Харин сэтгэл зүйн хүчийг зөв бэлдэж чадвал хэзээ ч ядардаггүй, бууж өгөхгүй хүч байдаг. Тиймээс тулаанч хүнд сэтгэл зүйн хүч гэдэг бол маш хэрэгтэй бэлтгэл.

-Удахгүй дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаан хийх нь. Өмнө өрсөлдөгчтэйгээ тулалдаж байв уу?

 -Марат Кафуров бол чөлөөт бөх, бокс суурьтай тулаанч. M-1 холбооны хагас хөнгөн жингийн аварга, Оросын Микс байт гэж холимог тулааны торон доторх тэмцээний дэлхийн аварга. Одоогоор хэнд ч ялагдаж үзээгүй тамирчин. Ийм нэр хүндтэй тамирчинтай анх удаа тулаан хийж буйд бахархахын зэрэгцээ маш сайн бэлтгэлээ хангаж байна. Аваргын бүсээ хамгаалах юм бол миний замналыг улам алдаршуулна хэмээн бодож, олон талаас нь бэлтгэлээ базааж байгаа.

-Тулалдахдаа эх орныхоо нэрийг гаргана гэсэн итгэлтэй байдаг байх?

-Мэдээж олон зүйл бодно. Гэхдээ торон дотор ороход тулаанаас өөр юу ч бодохгүй гарах ёстой. Гэхдээ тулааны өмнө өөрийн эр зориг, сэтгэл зүйн хүч чадлыг нэмэхийн тулд Монгол орны сайхан байгаль, хүчирхэг байсан өвөг дээдсийнхээ баатарлаг үйлсийн тухай бодож, уншиж,сонсч өөрийн  сэтгэл зүйгээ бэлтгэдэг.

-Холимог тулаан бол манайд шинэ хөгжиж байгаа спорт. Хүүхэд залуучуудад ямар үлгэр дууриалтай вэ?

-Холимог бие хамгаалах урлаг буюу ММА дэлхий дахинд маш их хүчээ авч хөгжиж байна. Монгол оронд хөгжлийн эхний шатандаа байгаа. Холимог тулаанаар хичээллэж эхлэхэд хүүхэд залуучууд хамгийн эхлээд өөрийгөө таньдаг. Юуг давж гарч ялах вэ, юунд бууж өгч байна, ямар өвдөлтийг тэсвэрлэж чадаж байна гэхчлэн өөрийгөө таньдаг. Өрсөлдөгчөө ялахын тулд өөрийгөө таних нь чухал. Мөн эрүүл мэнддээ хөдөлгөөнөөр хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.

-Холимог тулааны клуб болон энэ спортоор хичээллэдэг хүн манайд хэр олон байдаг вэ?

-Монголд холимог тулааны чиглэлээр гарын таван хуруунд багтахаар цөөн клуб бий. Үүнээс би холимог тулааны Монгол дахь анхдагч болсондоо баяртай явдаг. Өнгөрсөн жил Дэлхийн аварга болоод Монголын холимог тулаанчдаас One Champion Ship гэдэг дэлхийн тэргүүлэх холбоотой гэрээ байгуулсан анхны Монгол хүн болсон, анхны ялалтыг авсан, анхны аваргын бүсний эзэн болсон гэх мэтээр холимог тулааныг хүүхэд залуучуудад таниулж нүүр царай болж яваадаа баяртай байна. Монголын холимог тулаанчдаас Д.Батгэрэл, Р.Отгонтулга, Б.Дамланпүрэв, Х.Амарсайхан зэрэг тамирчин олон улсад нэрээ гаргаад явж байна.

-Аливаа бие хамгаалах урлагт хурд, хүчтэй байхаасаа илүү толгойгоо сайн ажиллуулсан нь ялдаг биз?

-Сэтгэн бодох чадвар маш их хэрэгтэй. Тулаанчид шатарчнаас илүү бодол гаргадаг. Шатарчин хүн энгийн үед тухтай нь аргагүй бодож байгаад сүүлд нь нүүдэг. Харин тулаанд бодсон даруйдаа хийхгүй бол хоцорно. Маш хурдан нүүдэл хийх хэрэгтэй. Хоёр тамирчин тоглоход хэн нь тулааны төгсгөлд эхнийх шигээ сэтгэн бодож чадна, тэр тамирчин ялалт байгуулдаг.

Танд амжилт хүсье.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ