Ц.Сүхбаатар: Төвийг сахих бодлого нь гадаад бодлого тогтвортой байхыг илтгэнэ

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-11-10 17:20:52

БЭЭЖИН. /globaltimes/. Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийж буй айлчлал даваа гарагт эхэлсэн. Монгол Улс байнга төвийг сахисан байр суурьтай байна гэж мэдэгдсэн нь олон асуултыг дагуулсан бөгөөд БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга хэрэгжиж байгаатай холбоотойгоор БНХАУ болон Монгол хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Хоёр удирдагч ямар асуудлыг хэлэлцэх вэ? Төвийг сахих байр суурьтай байх шалтгаан нь юу вэ? Хоёр талын харилцаа бэхэжсэнээр ямар үр нөлөө гарах вэ? зэрэг асуудлаар “Global Times”-ийн сэтгүүлч Лю Жунь Монголоос БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцжээ.

Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын зорилго юу вэ?

Өнгөрсөн жил БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд айлчилсны хариуд Ц.Элбэгдорж Хятадад айлчилж байна. Сигийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн түншлэл болгон өргөжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл хийсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн айлчлалаараа дээрх түншлэлийг баталгаажуулж, илүү тодорхой мэдээлэл олж авах зорилготой байна. Жишээ нь, Сигийн айлчлалын үеэр БНХАУ нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийг Монголд олгохоор тохиролцсон. Энэ удаа талууд ерөнхий гэрээнд гарын үсэг зурна. Энэ нь Эгийн голд барих УЦС-ын санхүүжилт болох юм.

Яагаад Монгол байнга төвийг сахих байр суурьтай байхыг хүсээд байна вэ?

Төвийг сахих байр суурийг алхам алхмаар авч хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Монголын гадаад бодлогын залгамж чанарыг харуулж байна. 1990 оны дараа Монгол Улс гадаад бодлогоо өөрчилж, эвсэлд үл нэгдэх статустай болсноор, Монголын нутаг дэвсгэрээр гуравдагч орны цэрэг дамжин өнгөрөх болон байрлах боломжгүй болсон. Мөн бид цөмийн зэвсэггүй болох санал дэвшүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гадаад харилцааны хувьд Монгол Улс ОХУ болон БНХАУ-тай хоёулантай стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон бөгөөд ингэснээр Монголын гадаад байдал тогтвортой байх юм. Ийм учраас төвийг сахисан байр суурьтай байх нь зөв гэж бид үзэж байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс цөмийн зэвсэггүй орон гэдэг статус авахын тулд Монгол 21 жил зарцуулсан. Төвийг сахих бодлого баримталдаг орон олон улсын дэмжлэг авах шаардлагатай. Энэ талаар Монгол Улсад асуудал тулгарах болов уу?

Энэ шийдвэрийг бид бие даан гаргасан бөгөөд үүнд бүх улс орны дэмжлэг шаардлагагүй. Олон улсын нийгэмлэгт энэ бодлогоо ойлгуулахын тулд бид шаардлагатай гэсэн бүхнийг хийнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй. Төвийг сахих бодлого нь богино хугацааны тактик биш, энэ бол хэдэн зуун жил үргэлжлэх урт хугацааны үндэсний бодлого юм. Бид төвийг сахих бодлогоо бэхжүүлж чадна гэж найдаж байгаа.

БНХАУ, ОХУ-ын дунд хавчигдсан Монгол Улс хоёр том хөршийнхөө дунд шатрын хүү болохгүйн тулд төвийг сахих бодлого баримталж байна гэж шинжээчид үзэж байна. Харин Та юу гэж бодож байна?

Төвийг сахисан орон болох шийдвэр гаргахаас өмнө бид ОХУ, БНХАУ-тай хоёулантай адил тэгш стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай болсон байсан. Манай гадаад бодлогын зорилго бол ОХУ болон БНХАУ хоорондын найрсаг харилцааг дэмжих юм. Энэ зарчмуудын хүрээнд Монгол Улс хүчирхэг орнуудын шатрын хүү болно гэж би бодохгүй байна. Харин эсрэгээрээ, Монгол Улс цаашдаа гадаад бодлогоо тогтвортой байлгах амлалт, хариуцлагыг үүгээрээ дамжуулан харуулах болно.

Төвийг сахих нь Монголын гуравдагч хөршийн бодлогод харшилж байна уу?

Үгүй. БНХАУ болон ОХУ-тай сайн харилцаатай байх уламжлал бидэнд бий бөгөөд төвийг сахих бодлого нь гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэхэд илүү өргөн хүрээтэй орон зай, тохиромжтой байдлыг бий болгоно.

“Нэг бүс, нэг зам” санаачилгыг “Талын зам” хөтөлбөртэй холбохоор талууд тохиролцсон. Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр уг асуудалтай холбогдуулан ямар үр дүн хүлээж байна вэ?

“Нэг бүс, нэг зам” санаачилгыг гаргасан цагаас хойш үүнийг ихээхэн сонирхож, үүнд оролцох хүсэлтэй байгаагаа Монгол илэрхийлсэн. ОХУ-ын “Евразийн эдийн засгийн нэгдэл” санаачилга болон БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилгыг Монгол Улс нэгтгэж чадна бид найдаж байгаа. Ингэснээр БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридорыг байгуулж чадах юм. Коридорын удирдамжийг удахгүй гаргана.

Эдийн засгийн коридорт нэгдэх таван суваг Монголд байна. Уг төсөлд Монгол төмөр зам, хурдны зам, сүлжээ, нефтийн болон хийн хоолойгоор хангаж чадна. Монгол дахь эдгээр сувгаар ОХУ-ын нөөц баялгийг дамжуулан БНХАУ, цаашлаад Зүүн Өмнөд Ази руу гаргаж болно.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр том хоёр асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Эгийн голын УЦС-ыг хамтран барих, хоёрдугаарт, Монголын нүүрсний томоохон уурхайнуудын дэмжлэгтэй цахилгаан станц барих тухай хэлэлцэнэ.

Хэдэн жил зогсонги байсан, олон саад бэрхшээлтэй нүүр тулаад байгаа “Тавантолгой” ордыг ашиглах тухай Монгол болон БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд хэлэлцээ хийсэн. Монголын улс төрийн дотоодын маргаанаас болж уг ордтой холбоотой асуудал шийдэгдэх нь удаашралтай байна уу? Ерөнхийлөгчийн айлчлал гэрээг байгуулахад дэмжлэг болох болов уу?

Монгол улс төрийн олон намын тогтолцоотой. Тиймээс олонхын шийдвэрт улс төрийн янз бүрийн хүчний санал бодол, оролцоо бүрэн шаардагддаг. “Тавантолгой” нүүрсний уурхайн асуудалд шийдвэр гаргах үйл явцыг гаднаас нь харахад өөр өөр өнцгөөр харагддаг боловч шулуухан хэлэхэд хоёр тал харилцан ашигтай байдалд хүрэхийн төлөө ажиллаж байна.

“Тавантолгой” орд нь асар том хэмжээний төсөл бөгөөд үүнийг хэрэгжүүлэх үед гарч болзошгүй асуудлыг бүрэн анхаарч, болгоомжтой хөдлөхгүй бол болохгүй. Миний бодлоор одоогийн маргаан чухал биш. Ил эсвэл нуугдмал байгаа асуудлуудыг зохицуулах хамгийн зөв зам бол өргөн хэмжээнд харилцаа холбоотой байх явдал юм.

Уг асуудлаарх хэлэлцээ эцсийн шатандаа хүрсэн. Хэлэлцээ маш удаан үргэлжилсний улмаас БНХАУ-д нүүрсний ханш өндөр байсан алтан үеийг бид алдсан. Гэвч дэлхийн хамгийн том, ашиглагдаагүй нүүрсний асар их нөөцтэй уг ордын асуудлыг нэн тэргүүний зорилт болгон хэлэлцэх хэрэгтэй гэж бид үзэж байна.

Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр үүнтэй холбоотой гэрээ байгуулахгүй. Гэхдээ харилцан ашигтай үр дүнд хүргэх бүхнийг хийх байх.

БНХАУ бол Монголын хамгийн том худалдааны түнш бөгөөд бараа бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг БНХАУ руу гаргадаг. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсныг Монгол хэрхэн даван туулж байна? 2020 он гэхэд хоёр орны худалдааны эргэлтийг 10 тэрбум долларт хүргэнэ гэсэн зорилтыг биелүүлэх боломж байсаар байна уу?

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурахын зэрэгцээ агаарын бохирдолттой тэмцэх амлалт өгснөөр БНХАУ нүүрсний хэрэглээгээ багасгасан нь Монголын нүүрсний экспортод сөргөөр нөлөөлсөн.

Нүүрсний экспортоос хэт их хараат байдлыг бууруулж, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд Монгол эдийн засгийн бодлогоо шинэчилж байна. Хөгжлийн дараагийн шатны анхаарал татах салбар бол хөдөө аж ахуй, ялангуяа, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох асуудал байх болно. Эдгээр хүчин чармайлт хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилтыг биелүүлэхэд нэмэр болно гэж би үзэж байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ