Лас-Вегасын хэрэг АНУ-ын галт зэвсгийн тухай хуулийг чангатгах асуудлыг дахин хөндөхөд хүргэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-03 11:19:08
НЬЮ-ЙОРК. /Шиньхуа/. Өнгөрсөн ням гарагийн орой нэгэн зэвсэгт этгээд олон хүнийг буудан хөнөөсөн хэрэг америкчуудыг төдийгүй дэлхий дахиныг цочирдуулсан билээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, ням гарагийн орой АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод кантри хөгжмийн наадмын үеэр Стефен Пэддок гэгч этгээд 59 хүнийг буудан хөнөөж, 500 гаруй хүнийг хүнд, хөнгөн шархдуулжээ. Энэ нь АНУ-ын орчин цагийн түүхэнд галт зэвсгээр хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг болж байна.
 
АНУ-ын Флорида муж улсын Орландо хотын шөнийн цэнгээний газарт 49 хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарснаас ердөө 16 сарын дараа дээрх халдлага боллоо.

Лас-Вегасын хэрэг нь АНУ-д галт зэвсэг эзэмшихэд тавих хяналтыг чангатгах тухай асуудлыг дахин хөндөхөд хүргэж байна.
 
Цочирдол ба уй гашуу
 
“Лас-Вегасын энэ хэрэг америкчуудыг үнэхээр цочирдууллаа. Энэ бол манай улсын түүхэн дэх хамгийн том “аллага”. Ийм хэрэг болсныг сонсоод би болон манай гэр бүлийнхэн цочирдож, зүрх зүсэгдэх шиг болсон” гэж Нью-Йорк хотын 30 настай оршин суугч Мухаммад ярьжээ.
 
Мөн тус хотын 51 настай оршин суугч Ленни ярихдаа “Гэм зэмгүй хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр хөнөөснийг сонсоод цочирдож, сэтгэл зовниж байна. Энэ хүн яагаад ийм хэрэг үйлдэх болсныг үнэхээр хэлж мэдэхгүй юм” гэжээ.
 
64 настай гэмт этгээд С.Пэддок нь террористуудтай ямар нэгэн байдлаар холбоо сүлбээгүй байсныг АНУ-ын мөрдөгчид тогтоожээ. Гэмт этгээд нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байснаас өөрөөр ямар нэгэн зөрчил гаргаж, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.

Чикаго хотын 25 настай  оршин суугч Билл Вебер ярихдаа “Хар дарсан зүүд байсан ч болоосой. Америкчууд бүгд айж, балмагдаж, цочирдлоо” гэжээ.
 
Цагдаа нарын мэдэгдсэнээр, Лас-Вегас хотын “Мандалэй Бэй” зочид буудлын гадна 22 мянга гаруй хүн цуглан кантри хөгжмийн наадам үзэж байхад С.Пэддок гэгч нь зочид буудлын 32 давхрын өрөөнөөс автомат буугаар хүмүүсийг шүршин хөнөөж, дараа нь амиа хорложээ. Түүний байрлаж байсан өрөөнөөс 10 гаруй буу олдсон байна.
 
Чикаго хотын  65 настай оршин суугч Х.А.Браун  ярихдаа “Хүссэн хүн бүрт буу эзэмших зөвшөөрөл өгч, гэмт этгээдүүдэд гэм зэмгүй хүмүүсийг хөнөөх боломж олгож байгаад би үнэхээр гайхаж, харамсаж байна. Буунд тавих хяналтыг эрс чангатгах хэрэгтэй” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ дээрх хэргийг “цэвэр ад зэтгэрийн хорлол” гэж тодорхойлсон бөгөөд төрийн далбааг хагас бөхийлгөхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.
 
Бууны хэрэглээнд тавих хяналт
 
“Манай улсад, бидэнд хэтэрхий олон буу байгааг энэ хэрэг нотлон харууллаа. Буу эзэмшигчдэд, бууны хэрэглээнд тавьж буй хяналт арай дэндүү сул байна. Холбогдох байгууллагууд нь хяналт шалгалтаа чангатгах цаг ирээд байна” гэж Нью-Йорк хотын 69 настай оршин суугч Милли ярьжээ.
 
АНУ зарим хагас автомат гар бууг цэргийн бус зориулалтаар үйлдвэрлэхийг 1994 онд хориглож байжээ. Энэ хоригийн хугацаа 2004 онд дууссан ч АНУ-ын Конгресс хоригийг шинэчлэн батлахаас татгалзсан байна.
 
Сүүлийн халдлага болсон Лас-Вегас хот харьяалагддаг Невада нь АНУ-ын галт зэвсгийн тухай хуулиараа хамгийн сул муж улсуудын нэг аж. Тус муж улсад гар буу эзэмшихийн тулд тусгай зөвшөөрөл авч, зэвсгээ бүртгүүлэх шаардлагагүйгээс гадна нэг хүн хэдэн ч гар буу эзэмших боломжтой байдаг байна.
 
Энэ он гарснаас хойш АНУ-д буу ашиглан халдлага, дээрэм үйлдсэн 273 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Тус улсын иргэдийн эзэмшилд одоогоор 300 сая гаруй буу бий гэсэн тооцоо байна.
 
Мөн тус улсад 2017 он гарснаас хойш буутай холбоотой хүчирхийллийн улмаас 11600  гаруй хүн амиа алдаад байгаа ажээ.
 
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ