Гуравдугаар цэцэрлэг улсын тэргүүний цэцэрлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-02 13:35:07
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт Улсын тэргүүний цэцэрлэг дахин нэгээр нэмэгдлээ. Монгол Улсын БСШУС-ын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/202 тушаалаар Арвайхээр сумын 3 дугаар цэцэрлэгийг “Улсын тэргүүний” цэцэрлэгээр шалгаруулсан байна.
Тус цэцэрлэг нь 1975 онд Зөвлөлт  Улсын /хуучин нэрээр/ тусламж, Монголын Хүүхдийн Төлөө төв Фондын дарга А.И.Цэдэнбал-Филатовагийн санаачилгаар анх байгуулагдаж, тухайн үеийн ТМС, УАА-н ажилчид, барилга үйлдвэрлэлийн конторын ажилчдын хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өдгөө 7 бүлэг, 310 хүүхэд, 26 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Цэцэрлэгийн хамт олон Арвайхээр суманд анх “Гэр бүлэг” ажиллуулах төслийг санаачлан хэрэгжүүлж, харъяа хамран сургах тойргийнхоо цэцэрлэгийн насны хүүхдүүдийн ихээхэн хувийг хамруулж байсан бол хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш эрхийг хангах зорилгоор “Тэгш дүүрэн”  төсөл боловсруулан хөгжлийн бэршээлтэй хүүхдийн эцэг эх, гэр бүлд хандсан олон талт ажлуудыг хийсэн юм. Мөн Өвөрхангай аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд аймагтаа анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай бүлгийг ажиллуулж байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ