"Эйр Франс"-ын онгоц Атлантын далайн дээгүүр нисэж байхад хөдөлгүүр нь эвдэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-02 11:45:44
ПАРИС. /Си-Би-Си/. Хөдөлгүүрүүдийнх нь нэг Атлантын далайн дээгүүр нисэж байхад нь эвдэрсний улмаас Францын иргэний агаарын тээврийн “Эйр Франс” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц Канадад ослын буулт хийжээ.

Канадын “Си-Би-Си” телевизийн мэдээлснээр, энэ хэрэг өнгөрсөн бямба гарагт болсон байна. “Эйр Франс” компанийн “АF 66” нислэгийн дугаартай  “Airbus A380” нисэх онгоц Парис хотоос Лос-Анжелес хотын чиглэлд нислэг үйлдэж байжээ. Онгоцонд 496 зорчигч, нисэх багийн 24 гишүүн сууж явсан байна.

“Эйр Франс” компаниас өчигдөр гаргасан мэдэгдэлд “Дөрвөн хөдөлгүүрийнх нэг нь ажиллахаа больсноор онгоц Канадад ослын буулт хийсэн. Аз болоход, энэ хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй” гэжээ.

Нэгэн зорчигч “Си-Би-Си” телевизэд ярилцлага өгөхдөө “Бидэнд чичиргээ мэдрэгдсэн. Зорчигчдын зарим нь хашгирч байсан. Чичиргээ 10 орчим минут үргэлжлээд зогссон. Онгоцны нэг хөдөлгүүр нь дэлбэрсэн  гэж нисэх багийн дарга бидэнд мэдэгдсэн” гэжээ.

“Эйр Франс” компани хөдөлгүүр яагаад эвдэрсэнийг тогтоохоор ажиллаж байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ