Марсельд болсон халдлагын хариуцлагыг "Лалын улс" бүлэглэл хүлээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-10-02 10:40:28
МАРСЕЛЬ. /Би-Би-Си/. Марсель хотын галт тэрэгний буудал дээр хутгатай этгээд хоёр залуухан эмэгтэйн аминд хүрсэн хэргийг террорист халдлага хэмээн сэжиглэж байсан бөгөөд террорист этгээдийг хамгаалалтын цэргүүд буудан хөнөөсөн тухай "Би-Би-Си" агентлаг мэдээлэв.  

Халдлага үйлдсэн этгээдийг Хойд Африкаас гаралтай, 30 орчим насны хүн хэмээн цагдаа нар тодорхойлжээ. Тэрбээр “Аллах акбар” буюу “Аллах хамгийн агуу” хэмээн хашхирсан гэж гэрчүүд мэдээлж байна. Харин “Лалын улс” бүлэглэл уг гэмт этгээдийг өөрсдийнх нь “дайчин” байсан гэж мэдэгджээ.
 
Францын Ерөнхийлөгч Эмманунэль Макрон энэхүү “зэрлэг балмад үйлдлийг” жигшиж байгаагаа дурдаад, алуурчныг хороосон цагдаа, цэргийнхэнд талархлаа илэрхийлсэн байна.
 
Францын өмнөд хэсэгт оршдог тус хотын галт тэрэгний буудлын тавцан дээр энэ хэрэг гарсан бөгөөд тэр үед “Сентинелл” хэмээх тусгай ажиллагаанд оролцож байсан цэргүүд галт тэрэгний буудал дээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байжээ. 

“Лалын улс” бүлэглэл уг халдлагын хариуцлагыг хүлээж буйгаа “Амак” хэмээх өөрсдийн мэдээллийн сувгаараа дамжуулан мэдэгджээ.
Х.Сарнай 



 
Холбоотой мэдээ