“Сайн эцэг эх” сургалтыг насан туршийн боловсролын хүрээнд үргэлжлүүлэн явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль түшиглэсэн Насан туршийн боловсролын 25 нэгжээр дамжуулан өнгөрсөн наймдугаар сарааас эхлэн таван чиглэлийн сургалтыг 120 иргэнд хийжээ.
Эдгээр иргэдэд амьдрах ухааны боловсрол, гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол –экологи, эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун-төлөвшлийн боловсролыг олгожээ. Мөн авьяас чадвар нээх, мэргэжил сонгох, эрүүл мэнд гэхчлэн 15 төрлийн хичээлийг заажээ. Харин ”Сайн эцэг эх“ сургалтанд дөрвөн сумын 550 иргэн хамрагджээ. Энэ сургалтаар эрүүл зөв амьдрах арга ухаан, гэр бүл төлөвлөлт, хүүхэдтэй ажиллах арга зүй, өөртөө итгэх итгэлтэй болгох, хувийн ухамсар эзэмшүүлэх, хүүхдийн хүмүүжил, сайн эцэг эхийн үүрэг оролцоо, хүүхдээ хэрхэн зөв зан чанарт сургаж хүмүүжүүлэх хүүхэдтэйгээ ажиллах арга зүйг эзэмшүүлжээ. Цаашид энэхүү сургалтыг үргэлжлүүлэн таван сумд хийхээр төлөвлөж буй тухайгаа аймгийн БСУГ-ын насан туршийн боловсролын мэргэжилтэн хэллээ.
Б.Мягмарсүрэн