Зам тээврийн ослын улмаас 15 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-25 15:53:58
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Оны эхний найман сарын байдлаар Өвөрхангай аймагт зам тээврийн ослын 43 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Хэргийн улмаас 15 хүн нас барж, 31 хүн гэмтэж бэртэн эрүүл мэндээрээ хохирчээ.
Найр наадам ихэсдэг зун, намрын улиралд зам тээврийн осол олонтаа гардаг бөгөөд дийлэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэнтэй холбоотой байдаг аж. Иймд орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.
Дашрамд дурдахад гэмт хэргийн замаар алдагдсан эд хөрөнгө, мал, эрэн сурвалжилж буй этгээд, эд зүйлийг шуурхай олох, орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор орон нутагт байгаа байнгын ажиллагаатай 13 постод орон нутгийн Цагдаагийн газраас мөрдөгч нарыг нэмж ажиллуулж байгаа аж.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ