Нийт бэлчээрийн 20-30 хувь нь даац олон дахин хэтэрсэн гэсэн дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-21 13:48:15
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт  бэлчээрийн ургац тодорхойлох, гангийн зэрэглэл тогтоохоор ХХААХҮЯам болон улсын Онцгой комисс газар дээр нь ирж ажилласан билээ. Мөн тус аймгийн УЦУОШГазраас 2017-2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацыг тодорхойлжээ.
Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл 30-40 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 30-40 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 20-30 хувь нь  даац олон дахин хэтэрсэн байна.
Бэлчээрийн менежментийн чиглэлээр Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл тус аймгийн Ханхонгор, Булган, Мандаловоо, Сэврэй, Манлай сумдыг сонгон 2017-2020 он хүртэл ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Мөн "Говийн оюу хөгжлийн сан"-гийн дэмжлэгээр "Бэлчээр эрдэнэ" төсөл Ханбогд, Баяновоо, Цогтовоо, Баяндалай сумдад 2017, 2018 онуудад хэрэгжихээр гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд шалгаран ажил эхэлсэн байна.  
Дээрх төслүүдийн хүрээнд малчдын бүлгүүдтэй хамртан ажиллаж бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглах талаараа судалгаа хийж, суралцаж байгаа аж.
Д.Мишигсүрэн 
Холбоотой мэдээ