Умард Солонгос: Д.Трампын сүрдүүлэг бол "нохой хуцахтай адил"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-21 12:28:17
НЬЮ-ЙОРК. /Би-Би-Си/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үг бол манай улсын хувьд “нохой хуцсантай адил” гэж Умард Солонгосын дипломатч хэлжээ. Энэ тухай   “Би-Би-Си” телевиз мэдээлсэн байна.

Хэрвээ АНУ болон түүний холбоотнуудад аюул учруулбал Умард Солонгосыг “бүрэн устгах” болно гэж Д.Трамп өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ анхааруулсан юм.

Үүнтэй холбогдуулан Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо өчигдөр орой Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Нохой хуцсан ч парад үргэлжилнэ” гэжээ.


                                                 /Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо/

Умард Солонгос нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан тогтоолуудыг зөрчин цөмийн болон пуужингийн туршилт хийсээр байгаа юм.

Тус улсын Гадаад хэргийн сайд цааш нь ярихдаа “Д.Трамп нохойн хуцалтаар биднийг айлган сүрдүүлнэ гэж бодож байгаа бол мөрөөдсөний гарз” гэжээ.

Мөн Д.Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд “пуужинтай залуу” гэж хоч өгсөн тухай сэтгүүлч асуухад сайд Ри Ён Хо “Би түүний зөвлөхүүдийн өмнөөс ичиж байна” гэж товч хариулсан байна.

Ри Ён Хо маргааш буюу баасан гарагт НҮБ-ын  индрээс үг хэлэх ажээ. Түүний хэлэх үг ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ