Монгол улс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжинэ

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-09-20 15:36:05
НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хурал өнөөдөр Улаанбаатарт эхэллээ.
Тус хурал эхэлж байгаатай холбогдуулж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Ногоон хөгжлийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей нарын албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. НҮБ-ын төрөлжсөн таван байгууллагын санаачилгаар “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд анхны гишүүн орны нэг нь манай улс юм. Тус хөтөлбөр нь ногоон хөгжлийн замналаар хөгжиж байгаа улс орнуудад бодлогын дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу хөгжих сонирхолтой байгаа ба өнөөгийн түвшинд авч үзвэл манай орон 1 ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 17 кг байгалийн нөөц ашигладаг. Гэтэл дэлхийн дундаж нь 1 ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 1.7 кг байгалийн нөөц ашигладаг бол Ази Номхон далайн орнуудын хувьд 3 кг нөөцийг хэрэглэдэг байна. Энэхүү тоо нь Монгол Улсын эдийн засаг хэт үрэлгэн, хоцрогдсон, байгальдаа халтай  технологитой явааг илтгэж байгаа юм.
Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хандивлагчдын Удирдах зөвлөлийн энэ удаагийн хурлаар түншлэлийн хүрээнд 2013-2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнгийн талаар тайлагнаж, төслийн санхүүжилт, техникийн туслалцаа дууссаны дараа Монгол Улс хүрсэн үр дүн, ололт амжилтаа хэрхэн хадгалж бодитойгоор хэрхэн үргэлжлүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд