“А321”-д бөмбөг дэлбэрсэн гэдэгт 90 хувь итгэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-09 14:16:41

КАИР. /Ukriform/. Оросын зорчигч тээврийн “A321” онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах Египетийн комисс уг онгоцны хар хайрцгуудад бичигдсэн чимээ нь онгоцонд бөмбөг дэлбэрсний чимээ болохыг 90 хувийн магадлалтайгаар нотолжээ. Энэ тухай “Reuters” агентлаг тус комиссын бүрэлдэхүүнд багтсан шинжээчийн мэдээллийг иш татан уламжилсан байна.

“Хар хайрцгуудын мэдээлэл болон тэдгээрт хийсэн дүн шинжилгээ онгоцонд бөмбөг суурилуулсан гэдгийг харуулж байна. Бид үүнд 90 хувь итгэлтэй байна” гэж эх сурвалж хэлжээ.

Онгоцны хар хайрцгуудын бүх мэдээллийг 11 дүгээр сарын 7-нд амжилттай хуулж авсан байна. Египетийн комиссын дарга Айман аль-Мукаддамын хэлснээр, нислэгийн бичлэгүүдээс үзэхэд онгоц унахаасаа өмнө автомат жолоодлогоор нисч байжээ. Мөн онгоц ниссэнээсээ болон унах хүртлээ агаарт 23 минут байсан бөгөөд осолдохоосоо өмнө өндрөө авч, цагт 521 км хурдтай нисч байсан байна. Бичлэгийн дараагийн секундуудад дэлбэрэх чимээ сонсогдсон гэж аль-Мукаддам онцлон хэлсэн байна.

Нислэгийн бичлэгт дэлбэрэлтийн чимээ бичигдсэн тухай Францын телевизийн “France 2” суваг 11 дүгээр сарын 6-нд эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ. Энэ чимээ нисэх онгоцны хөдөлгүүрийн ажиллагаа доголдсоны улмаас дэлбэрэлт болсны чимээ биш байсан гэж мөрдөн байцаагчид хэлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ