ДЭМБ: Халдварт бус өвчний улмаас хэт олон хүн хорвоог орхиж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2017-09-20 10:22:31
ЖЕНЕВ. /Анадолу/. Халдварт бус өвчний улмаас цаг бусаар нас барж буй хүмүүсийн тоог бууруулахад ахиц гарч байгаа хэдий ч урьдчилан сэргийлэх боломжтой ийм өвчнүүдийн улмаас жилд ойролцоогоор 40 сая хүн амиа алдаж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдсэнийг Туркийн “Анадолу” агентлаг уламжилжээ.

ДЭМБ-аас мягмар гарагт гаргасан халдварт бус өвчний талаарх шинэчилсэн тайланд дурдсанаар, зүрх судасны өвчин, амьсгалын замын архаг өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчин хэт олон хүний аминд хүрсээр байгаа учир ийм өвчнүүдтэй тэмцэх дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Жил бүр ид хийж бүтээх насны буюу 30-70 насны 15 сая хүн ийм өвчнүүдийн улмаас нас барж байна гэж уг тайланд цохон тэмдэглэжээ. Ийм өвчин тусахад хүргэж буй гол хүчин зүйлс нь тамхи, согтууруулах ундаа, эрүүл бус хооллолт болон хөдөлгөөний дутагдал аж.

ДЭМБ-ын Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх газрын захирал Дуглас Бетчер хэлэхдээ “2030 он гэхэд халдварт бус өвчнөөр нас барагсдын тоог наад зах нь 30 хувиар бууруулна гэсэн тогтвортой хөгжлийн зорилтод дэлхий нийт хүрч чадах эсэх эргэлзээтэй байна. Хүний амь насыг аврах боломжуудын цонх хаагдаж байна. Өнөөдөр бидний нүдний өмнө хэт таргалалттай, чихрийн шижинтэй хүмүүс, ялангуяа хүүхэд багачуудын тоо эрс нэмэгдсээр байна. Хэрвээ бид халдварт бус өвчнөөс хүмүүсийг хамгаалах дорвитой арга хэмжээ авахгүй бол олон хүн эрүүл мэндээрээ хохирч, эдийн засгийн боломжуудаа алдах болно” гэжээ.
 
ДЭМБ-ын тайланд дурдсанаар, халдварт бус өчнөөр нас барагсдын тоо хамгийн сайн буурсан 10 улс орныг Коста-Рика болон Иран улс тэргүүлж байна. Тэгвэл Ангол, Экваторын Гвиней, Гвиней Биссау, Сан-Томе Принсипи болон Өмнөд Судан гэсэн Африкийн таван улс болон Номхон далайн баруун хэсэгт орших Микронези хэмээх арлын улсад халварт бус өвчлөл огт буураагүй байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ