Гашуун сухайт, Ганц модны боомтын үйл ажиллагаа хэвийн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2017-08-23 13:33:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр  ГХЯ-ны ээлжит "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал “Зөвшилцөл” танхимд болж, Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын гадаад харилцааны салбарт болсон онцлох үйл явдлын талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ, Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний 3 дахь уулзалт энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болж, БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Кун Шюаньёу болон миний бие хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.
Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов. Талууд Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглээд цаашид найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн. Мөн улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.
Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцов. Тухайлбал, Таван толгой, Шивээ-Овоо, төмөр зам, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, хөдөө аж ахуй болон уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулж Хятадад экспортлох зэрэг тодорхой асуудлуудыг урагшлуулахад холбогдох яам, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй ГХЯ-дын зүгээс хамтарч ажиллана. БНХАУ-ын Засгийн газраас олгож ирсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц өгч ирсэнд монголын тал талархаж, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийг түргэтгэх сонирхлоо илэрхийлсэн гэв.
Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцсон байна.
2016 оны эхний хагас жил болон энэ оны мөн үеийн байдлаар хоёр орны худалдааны эргэлт 32 хувиар өсч, 561 сая ам.долларт хүрсэн. Цаашид хими, хар төмөрлөг, машин, тоног төхөөрөмж, нэхмэл эдлэлийн худалдааг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг хоёр тал онцолсон юм.
Уулзалтаар Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 21 дүгээр хуралдааныг ирэх 10 дугаар сарын II хагаст зохион байгуулахаар товлов. Засгийн газар хоорондын комиссын ээлжит 21 дүгээр хуралдааныг хөдөө аж ахуй, газрын хэвлий, хүрээлэн буй орчин, тээвэр, бүс нутгийн дэд комисс болон бусад ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулахаар санал нэгдэв. Энэ оны IV улиралд багтан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  ирэх 9 дүгээр сарын 6-7-нд ОХУ-д хийх ажлын айлчлал болон Дорнын эдийн засгийн форумд оролцох бэлтгэлийн талаар ярилцаж, айлчлалын үеэр хэлэлцэх асуудал, байгуулах баримт бичгийн талаар ярилцсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар багтах юм. Иймд, “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд ОХУ-аас малын халдварт өвчний эсрэг вакцин нийлүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор ОХУ-аас улаан буудай, өвс тэжээл худалдан авах талаар ярилцав.
Мөн “Төмөр замаар ачааг дамжуулан тээвэрлэх нөхцлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурах боломжийг эрэлхийлж ажиллахаа талууд нотлов. “Монгол, Орос, Хятад эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Улаанбаатар хотноо Хөрөнгө оруулалтын зураг төслийн төвийг байгуулах сонирхлоо илэрхийлсэн гэлээ.
Тэрбээр, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.Моргуловын айлчлалын талаар мэдээлэл өглөө. "ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.Моргулов наймдугаар сарын 22-23-нд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт тус тус бараалсан. Уулзалтын үеэр Монгол, Оросын уламжлалт сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах, итгэлцэл, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, удахгүй ОХУ-ын Владивосток хотноо болох Дорны эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  ажлын айлчлал хийх бэлтгэлийг хангах асуудлаар  болон хоёр орны  Бүс нутгийн хамтын ажиллагаа, ОХУ-д зорчиж буй монголын иргэдийн асуудлыг хөндөж ярилцсан" хэмээн ярилаа.
Энэ сарын 23-26-нд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Израиль улсад ажлын айлчлал хийнэ. Биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, ус, хог хаягдлын менежментийн салбар өндөр хөгжсөн Израиль улстай энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцох юм. Мөн наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-нд БНСУ-ын Бусан хотноо болох Зүүн Ази, Латин Америкийн Гадаад хэргийн сайд нарын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцохоор төлөвлөжээ. Энэ үеэр Аргентин улсад зорчих визийн асуудлаар гэрээ байгуулж, гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа гэв.
Энэ хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Гашуун сухайт, Ганц модны боомтын үйл ажиллагаа доголдож байгаа талаар сонирхлоо. "Өчигдрийн байдлаар манай талаас 990 автомашин БНХАУ-ын хилээр орсон бол 665 авто машин Монгол Улсын хилээр орж ирсэн, Боомтын үйл ажиллагаа хэвийн болсон" хэмээн албаны хүмүүс хэлж байв.
Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны гадна тус улсад суралцах оюутны дараалал эрс нэмэгдэж ачаалалтай байгаа талаар лавлахад, "Уг асуудлыг БНХАУ-ын ЭСЯ-тай ярилцсан. Тус яамнаас өдөр 60 орчим  хүн хүлээн авч байсныг нэмэгдүүлж, хүлээн авах өдрийг олон болгож өдөрт 100 орчим хүн хүлээн авах болсон. Мөн тус улсад суралцаж байгаа оюутнууд өөрсдөө зохион байгуулалтад орж дараалал эмх замбраатай болсон. Манай улсаас 500 орчим оюутан виз авах учраас ойрын өдрүүдэд энэ ачаалал буурна" гэлээ.
Дашрамд сонирхуулахад, БНХАУ-д Монгол Улсаас 7000 орчим оюутан суралцаж байгаагаас 30-40 хувь нь хувиараа төлбөр төлдөг байна. 

 Д.Өлзий

Холбоотой мэдээ