НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд БНТУ манай улсыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:45:25

Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг энэ сарын 20-нд Туркийн Гадаад хэргийн яамны Олон улсын улс төрийн байгууллагуудын газрын дэд захирал хатагтай Зейнеп Кызылтантай уулзаж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд манай улсыг дэмжиж өгөхийг хүссэн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолуд илгээсэн захидлын хувийг гардуулж ярилцав.

Монгол Улс 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш ардчилал, шинэчлэлийн замаар тууштай замнаж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хууль, эрх зүйн орчин болон нийгэм эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой амжилтад хүрснийг элчин сайд Б.Батхишиг дурьдаад энэ явцад олсон туршлагадаа тулгуурлан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдон ажиллахаар нэрээ дэвшүүлснийг танилцуулж, Турк улсаас дэмжлэг хүсэж байгааг уламжлав.

Хатагтай З.Кызылтан Турк, Монгол хоёр олон улсын тавцан дээр амжилттай хамтран ажиллаж байгааг тэмдэглэж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд Монгол Улсыг дэмжих тухай Туркийн байр суурийг илэрхийлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд