"Лалын улс"-ынхан Оросын онгоцыг буудан унагасан гэв

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-05 11:41:48

КАИР. /Reuters/. “Сирийн газар нутагт лалын шашинтнуудыг олноор нь хөнөөсний хариу болгож” Оросын онгоцыг унагасан гэж Синайн хойгт үйл ажиллагаа явуулдаг, “Лалын улс”-ын Египет дэх салбар бүлэглэл мэдэгдсэн байжээ.  

Шарм-эль-Шейхээс Санкт-Петрбургийн чиглэлд нисч явсан Оросын “Airbus A321M” нисэх онгоц осолдож, 224 хүн амиа алдсан юм.  

Уг мэдэгдлийг Орос, Египетийн эрх баригчид няцаажээ. 9000 метрийн өндөрт нисэж буй онгоц буудах технологи Синайд төвлөрсөн зэвсэгт бүлэглэлд байхгүй, онгоцны осолд гадны нөлөө байгаагүй гэж аюулгүй байдлын шинжээчид болон мөрдөн байцаагчид мэдэгджээ.

“Twitter” нийгмийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан, уг ослыг гаргасан гэдгээ дуу бичлэгээр дамжуулсан илгээлтдээ “Лалын улс”-ын Египет дэх салбар бүлэглэл мэдэгджээ. Мэдэгдлийг жинхэнэ эсэхийг шууд нотлох боломжгүй юм.  

“Үгүйсгэж, эргэлзээд байгаа хүмүүс хүссэнээрээ бухимдаж болно. Бид онгоцыг бурхны ивээлээр унагасан. Яаж унагаснаа бид хэлэх албагүй. Тэгэхээр сэгээ хай, хар хайрцгаа шинжил. Бид унагаагүй гэх нотолгоо, яагаад унасан тухай тайлбарыг мэргэжилтнүүдийн шинжилгээний дүнгээр гаргаад ир. Бид хүссэн үедээ, хүссэн аргаараа яаж нисэх онгоц унагасан тухайгаа дэлгэнэ” гэсэн мэдэгдэл байжээ.

Египетийн террористуудад баяр хүргэж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд “үүгээр зогсохгүй” гэсэн анхааруулга өгсөн бичлэгийг Ирак дахь “Лалын улс”-ын дэмжигчид гаргасан байна. Тэд нисэх онгоцны ослыг тэмдэглэж амттан тараажээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ