Хятадын даргын Вьетнамд хийх хоёр өдрийн айлчлал эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-05 11:16:12

ХАНОЙ. /TASS/. БНХАУ-ын дарга бөгөөд тус улсын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад /БНСВУ/ хийх хоёр өдрийн айлчлал эхэллээ. Си Зиньпин Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг болон Ерөнхийлөгч Чыонг Тан Шангийн урилгаар тус улсад айлчилж байгаа аж.

БНСВУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Вьетнам-Хятадын өндөр түвшинд удахгүй хийх зөвлөлдөөны үеэр талууд Ханой болон Бээжингийн хамтын ажиллагааны бүх чиглэлд цаашдын хөгжлийн хэтийн төлвийг, мөн  хоёр орны харилцан ашиг сонирхлыг төлөөлсөн олон улсын болон бүс нутгийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцээний дараа Вьетнам-Хятадын хамтарсан мэдэгдэл гаргах төлөвтэй байна. Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааны тодорхой салбарт гэрээ байгуулж, баримт бичигт гарын үсэг зурна гэж Вьетнамын ГХЯ мэдээлжээ.

Сүүлийн 10 жилд Хятад улс Вьетнамын хамгийн том худалдааны түнш хэвээр байна. Хоёр орны худалдааны хэмжээ өнгөрсөн жил 58 тэрбум доллар давжээ. Хятад улс Вьетнамын эдийн засгийн 10 гол хөрөнгө оруулагчийн нэг бөгөөд тус улсад 8 тэрбум орчим долларын өртөг бүхий 1000 гаруй төсөл хэрэгжүүлж байна

Хятадын даргын Вьетнамд хийж буй айлчлал нь хоёр орны хувьд төдийгүй хоёр орны цаашдын харилцаанд улс төрийн чухал ач холбогдолтой гэж тус улсын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, Хятадын дээд удирдлагын сүүлийн 10 жилд Вьетнамд анх удаа хийж байгаа энэ айлчлалын явцад хоёр орны стратегийн түншлэлийн шинж чанартай харилцааны хөгжилд үнэлэлт өгнө.

“Хятадын даргын айлчлалын үеэр эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын  ажиллагааг өргөжүүлэх арга замд гол анхаарал хандуулна. Зөвхөн бидний ололт амжилт, хэтийн төлвийг хэлэлцээд зогсохгүй хоёр талын хамтын ажиллагаан дахь асуудалтай сэдвүүдийг, тухайлбал, Зүүн тэнгисийн /Өмнөд Хятадын тэнгис/ асуудлыг хэлэлцэнэ” гэж Вьетнамын гадаад бодлогын байгууллагын тэргүүн онцлон тэмдэглэжээ.

Вьетнам, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг энэ оны нэгдүгээр сард тэмдэглэсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ