Дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-09 16:53:00
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн айл өрх, албан байгууллагуудыг   дулаанаар хангадаг "Эрчимбаян-Өлгий" ХК-ны өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай талаар тус компанийн дэд захирал Алтынбайн Бейбит мэдээллээ.

Тус компани өнгөрсөн жилүүдэд 3 зуухаар ажиллаж ирсэн бөгөөд 1 зуухны урсгал засвар бүрэн дуусаж, 2 дахь зуухны засварын ажил дуусах шатанд явж байгаа аж. Мөн 568 метр газрын 300 мм-ийн буцах  шугамыг 500 мм болгон томсгосон ба 2 газарт ялтсан войлер нэмж байгуулжээ.

Энэ талаар А.Бейбит: "Бид 3 зуухад урсгал засвар хийж дуусгах ёстой. Дөрөвдүгээр зуухыг засварлаж ашиглалтад оруулах ажлыг энэ жилийн төлөвлөгөөндөө тусгасан. Гадна талын шаврын ажил дууссан байгаа. Улсаас авах авлагаа бүрэн авч чадахгүй байгаагаас үүдэн бэрхшээлүүд гарч байна. Манай компаний айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээс авах 500 гаруя сая төгрөгийн авлага бий. Зөвхөн Ховд Их сургуулийн салбар сургууль гэхэд манай компанид 270-аад сая төгрөгийн өглөгтэй. Гэвч бид банкнаас зээл авч өвлийн бэлтгэлээ хангаж байна. Улаанбаатар хотын мэргэжлийн компанид магистраль шугамын хэмжилт хийлгэсэн. Шугам нарийссан гэсэн тооцоо гарсан. Энэ ажил дууссаны дараа бүх газрыг шайбажуулах ажлууд хийгдэнэ. Манайх жилдээ 30 орчим мянган тонн нүүрс түлнэ. Одоогоор 1500 тн нөөцтэй. Ирэх сарын 15-наас 12 дугаар сар хүртэл нийт нүүрснийхээ 70 хувийг татаж авахаар бэлтгэж байна. Яагаад гэвэл цаг агаарын байдлаас шалтгаалан зам, даваа хаагдах тохиолдлууд гарч магадгүй. Ерөнхийдөө өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай байгаа. Үлдсэн 2 сард 100 хувьд хүргэнэ" гэв.

Өнгөрсөн жил Өлгий хотын 1, 2, 3 дугаар 60 айлын орон сууцын халаалт муу байгаа талаар иргэд ихээр гомдол гаргаж байжээ. 1960-аад онд ашиглалтад орсон орон сууцнуудын магистраль шугам хуучирсан, иргэд технологийн горим зөрчин 1 дүгээр давхарт "халаасны байшингууд"-ыг олноор залгаж барьсан зэрэг шалтгаануудын улмаас сайн халахгүй байгаа асуудлууд байгаа бөгөөд холбогдох дэд станцыг салаалах арга хэмжээ авсан тул халаалт сайжирна гэж мэргэжлийн байгууллага үзэж байна.

Ө.Нурболат
 
    
Холбоотой мэдээ