С.Баяр Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ долдугаар сарын 22-нд гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-09 15:22:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч долдугаар сарын 22-нд гаргажээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Элчин сайд С.Баяр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул эгүүлэн татах асуудлыг хууль тогтоомжийн дагуу зөвшилцөн шийдвэрлэхийг хүсье" гэсэн хүсэлтийг долдугаар 22-ны өдөр гаргасан. Түүний хүсэлт Гадаад харилцааны яаманд өнгөрөгч долоо хоногт ирсэн. Уг хүсэлтийг Засгийн газарт хүргүүлнэ" гэсэн юм. Элчин сайд С.Баяр хүсэлтдээ ямар шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа тодорхой илэрхийлээгүй аж. 

Хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэн, Ерөнхийлөгчид өргөн барих бөгөөд УИХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр УИХ-аас шийдвэрлэвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж эгүүлэн татах юм. 

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нь энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Элчин сайд С.Баяр хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Итгэмжлэх жуух бичгээ барьсан Монгол Улсын 13 дахь Элчин сайд болсон юм.

Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ