Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагыг хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-09 13:47:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвт суулгах, төсвийн тодотгол хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас өмнө 2017 оны улсын төсөвт төсөвлөөгүй мөнгийг хүүхэд бүрт Засгийн газар олгосон нь хууль зөрчсөн шийдвэр болсон учир Засгийн газар залруулж, хуулийн дагуу төсөвт тодотгол хийхийг тус бүлэг шаардаж байгаагаа илэрхийлсэн. Уг шаардлагыг өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан хүргүүлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Улсын төсөвт санхүүгийн нэмэлт их үүсвэрийг заавал тусгах шаардлагатай. Улсын төсөвт тусгаагүй мөнгийг төсвөөс гадуур олгох ямар ч боломжгүй. Хэрвээ Засгийн газар төсвөөс гадуур мөнгөний зарцуулалт хийвэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл болдог. Тиймээс ч хүүхдийн мөнгөний асуудлыг хуулийн хүрээнд эх үүсвэрийг тодорхой болгож, төсвийн тодотголын хуулийн төслийг яаралтай оруулж ирэх шаардлагыг хүргүүлж байгаа юм. Хоёрдугаарт, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудал. Хэдхэн хоногийн дараа сургууль, цэцэрлэг цуглах гэж байна. Түүнчлэн цахилгаан дулаан, малчдын өвлийн бэлтгэл гээд олон асуудал хүлээгдэж буй. Тиймээс Засгийн газар УИХ-д мэдээлэл хийх шаардлагатай байна" гэв.


 
Н.Туяа
Холбоотой мэдээ