Венесуэльд Үндсэн хуулийн ассамблейн сонгууль болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-30 10:31:05
КАРАКАС./TASS/. Венесуэлд 1999 оноос хойш анх удаа Үндсэн хуулийн ассамблейн сонгууль ням гарагт явагдах гэж байна. Өмнөх сонгуулиас ялгаатай нь гэвэл энэ удаад Үндсэн хуулийн ассамблейн сонгуулийг урьдчилсан бүх нийтийн санал асуулга явуулалгүйгээр тус улсын төрийн тэргүүн Николас Мадурогийн шийдвэрээр зарлан явуулахаар болсон юм.

Үндсэн хуулийн ассамблей нь төрийн удирдлагын тогтолцоог шинэчилж, үндсэн хуулийг өөрчлөх эрх бүхий байгууллага юм. Нэг танхимтай хууль тогтоох байгууллагын ажлын үр дүн нь тус улсын үндсэн хуулийн шинэ төсөл болох бөгөөд уг төслийг бүх нийтийн санал асуулгад оруулах ажээ.

Н.Мадурогийн үзэж байгаагаар, Үндсэн хуулийн ассамблей нь одоо тус улсад тулгарч буй асуудлуудыг шийдэх мөн “хүн бүр тэгш эрхтэй улсыг байгуулахад” туслах ажээ. 2015 оны 12 дугаар сарын сонгуульд илт давуу ялалт байгуулсан Үндэсний ассамблейд олонхи болсон сөрөг хүчин Засгийн газар ийм маягаар хууль тогтоох дээд байгууллагын шийдвэр батлан гаргах үйл явцад нөлөөлөх боломжийг үнэн хэрэг дээрээ хаах гэж санаархаж байна гэж үзэж байгаа юм.

Үндсэн хуулийн ассамблейн сонгуулийг зарлах тухай Ерөнхийлөгчийн санаачлага энэ оны 5 дугаар сарын эхээр тодорхой болсон ба энэ нь тус улсын улс төрийн нөхцөл байдал хурцдах шалтгаан болсон юм.

Үндсэн хуулийн ассамблейн сонгуульд 6000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж, тэднээс 545 нь тус байгууллагад сонгогдох ба. “Бүх нийтийн нууц, шууд санал хураалтад” тус улсын бүртгэлтэй 19,4 сая сонгогч оролцох юм.

Нэг танхимт парламентад олонхи болж буй сөрөг хүчний “Ардчилсан эв нэгдлийн эвсэл” Үндсэн хуулийн ассамблейн сонгууль явуулахыг эсэргүүцэн бойкот хийхээр шийдсэн байна.
О.Барс
Холбоотой мэдээ