Барилгын салбарынхан түүхт ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-27 18:21:15
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын түүхт 60 жилийн ойтой таширлаж энэ жил Баянхонгор аймагт барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой тохиож байна. Өнөөдөр тус ойн баярын жагсаал Баганат талбайд боллоо.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, Баянхонгор аймгийн Барилга, хот байгуулалтын газрын дарга Т.Норов тэргүүтэй албаны төлөөлөл, үе үеийн барилгачид оролцов. Баянхонгор аймгийн хэмжээнд барилгын салбарт нийтдээ 40 гаруй ААН 1000 гаруй ажилчинтай үйл ажиллагаа явуулдаг байна.
Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр Дулааны цахилгаан станцын барилга, Баянхонгор сумын орон сууцны хуучин барилгуудыг буулгаж, шинээр барих, аймгийн хэмжээнд 1000-аас доошгүй өрхийг орон сууцаар хангах, шаардлагатай сумдад нутгийн удирдлагын ордон, багийн төвүүдийг шинээр барих, аймгийн төрийн архивд аюулгүй байдлын баталгаа бүхий зориулалтын тусгай байр барих ажлууд тусч эдгээр ажлууд эхнээсээ хэрэгжиж, барилгачдын хөлс хүчээр сүндэрлэж эхлээд буй. Нөгөө талаар аймаг орон нутгаас орон нутгийн чанартай барилгын ажлуудыг өөрийн аймгийн ААН, компаниудад өгөх, тэднийг дэмжиж  давуу эрхтэйгээр оруулж, буух эзэнтэй буцах хаягтай байх зарчмыг баримталж ажиллах болсон. Энэ нь орон нутгийн барилгын компаниа чадавхижуулах, тэдний ард байгаа олон арван барилгачин, тэдний ар гэрт оруулж буй хөрөнгө оруулалт болж байгааг барилгачид онцолж байв.
Сонирхуулахад, Барилгын салбараас Баянхонгор аймгийн хэмжээнд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар зургаа, Гавьяат барилгачин найм төрөн гарчээ.  
                                                                                                                                          Б.Мөнхзул
Холбоотой мэдээ