Сирийн арми 24 террористыг устгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-03 11:48:06

ДАМАСК. /Sputnik/. Дейр-эз-Зор муж дахь “Лалын улс”-ын байгууламжийг 24 террорист, тэдний толгойлогчийн хамт Сирийн зэвсэгт хүчин устгалаа.  

“Хуучин Дейр-эз-Зор онгоцны буудлын ойролцоох “Лалын улс”-ын байгууламжид цохилт өгч Тунис, Чечень гаралтай 24 террористыг устгалаа. Тэдний толгойлогч Саудын Арабаас гаралтай Абу Хабабыг мөн устгасан” гэж бригадын генерал Али Мэехоуб мэдэгдэв.

Өнгөрсөн гурван өдөр Сирийн Алеппо мужид 9 тосгон буюу 50 хавтгай дөрвөлжин км талбайг Сирийн арми эзлээд байна. Мужийн армийн бэлтгэл хүчтэй хамтран Алеппо мужийн баруун урд хэсэгт Сирийн арми давшиж, террористуудад хүнд хохирол учруулсан байна.

Мөн энэ үед Палмираг Бейруттай холбосон гол замын дагуу, Хомс мужийн хойд нутагт террористуудтай тулалдаж, хэдэн арван террористыг устгажээ.

Түүнчлэн Латакия мужид террористуудыг суулгасан, галт зэвсэг ачсан 40 машин цувааг Ерөнхийлөгч Башар Асадад үнэнч Сирийн дайчид, армийн бэлтгэл хүчин  хамтран устгасан гэж Мэехоуб хэлсэн байна.

Сирийн агаарын хүчин Хама мужид 2 командын төв, Алеппо мужид галт зэвсгийн агуулахыг амжилттай устгаад байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ