М.Энхболд: Эргэлзээ байгаа бол СЕХ-г хамтраад шалгасан ч болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-27 16:49:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнтэй холбогдуулан МАН-аас нэр дэвшигч М.Энхболд болон МАН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Нэр дэвшигч М.Энхболд "Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг СЕХ гаргаж өнөөдөр олон нийтэд мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан би нэр дэвшигчийнхээ хувиар болон МАН-ын сонгуулийн штабын удирдлагуудын хамт мэдээлэл нь хийх зүйтэй гэж үзлээ. Юуны өмнө өчигдөр санал хураалтад оролцож, намайг дэмжин саналаа өгсөн, миний сонгуулийн штаб, баг бүрэлдэхүүнд орж ажилласан олон мянган иргэд, сонгогчид, намын идэвхтэн зүтгэлтнүүддээ талархал илэрхийлье". Сонгуулийн дүн эцэслэгдэн гараагүй байгаа ч би ямар ч үед улс орныхоо эдийн засгийг хямралт байдлаас гаргах, ард иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татах асуудалд анхаарал тавьж ажилласаар байх болно" гэлээ. 
Тэрбээр мөн сурталчилгаа эхэлж байх үед өрсөлдөгч хоёр нэр дэвшигчдээ хандан хуулийн дагуу, олон түмнээ хүндэтгэсэн, төрийн сонгуулийг дээдэлхийг уриалж байсан ч гутаан доромжилсон, эвлүүлэг хэрээс хэтэрсэн сонгууль болж өнгөрлөө гэв. Ийм ч учраас хоёр дахь шатны санал хураалт болох нөхцөл бүрдэж байна гэж үзэж байгаагаа хэлээд улс орны эдийн засгийг бодсон ч, баяр наадмаа бодсон ч 7 дугаар сарын 9-нд болох хоёр дахь шатны санал хураалтад идэвхтэй оролцож, сонгуулийг үр дүнтэй өндөрлүүлэхийг уриалж байна" гэлээ.  

Мэдээллийн дараа нэр дэвшигч М.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МАХН-аас өнөөдөр мэдээлэл хийж, МАН санал луйвардсан гэж мэдэгдсэн. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-МАХН-ын нэр дэвшигч, удирдлагууд хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Ер нь сонгуулийн дараа МАН руу дайрах үйлдэл улс төрийн хүчнүүдээс өмнө нь удаа дараа гарч байсан. Бид үеийн үед, аль ч сонгуулийн үед хууль, тогтоомжоо барьж ажилладаг улс төрийн соёлтой нам. Бидэн рүү дайрсан, санал луйвардсан гэсэн мэдээлэл хийсэн гэсэн. СЕХ-г шалгаж, саналын хуудсыг тоолох санал гаргасныг би зөв гэж үзэж байгаа. Эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгасан ч болж байна. Бид бэлэн байна. 

-Долдугаар сарын 9-нд баяр наадам, аялал зугаалгын үе таарч байгаа учир ирц хүрэхгүй байхвий гэх болгоомжлол байна. Энэ талаар?

-Хуулиар зохицуулсан цаг хугацааны хүчин зүйл байгаа учраас энэ өдөр товлосон. Тиймээс сонгуулийн байгууллагынхаа товлосон хугацаанд оролцоод сонгуулийн үйл ажиллагааг дуусгах нь зөв зүйтэй.

-Хоёр дахь шатны сонгуульд МАН-МАХН-тай эвсэж оролцоно гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Тийм юм одоогоор байхгүй.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Холбоотой мэдээ