2000 иргэнийг ажлын байранд зуучлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-23 11:40:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайд энэ сарын 19-нд болсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр 2000 иргэн ажлын байртай болсон байна.

Энэ талаар өнөөдөр ХНХЯ-наас мэдээлэв. Өдөрлөгт ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЭМНДЕГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон дотоодын 60 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс иргэдийг 20 мянган нээлттэй ажлын байранд бүртгэсэн юм. Энэ үеэр 15 мянган иргэн бүртгүүлсээс 2000 нь ажилд орсон байна. Эдийн засгийн хүндрэлийг давахад иргэдийг ажлын байранд зуучлах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй хамтран иргэдийг ажилтай, орлоготой болоход гол анхаарлаа хандуулан ажиллаж байгааг ХНХЯ-ны удирдлагууд онцолж байлаа.

Мөн өдөрлөгийн үеэр ЭМНДЕГ элэгний С вирусийн эсрэг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, цалин, тэтгэврийн зээлийн хүү болон тэтгэврээ хүүгүйгээр урьдчилан авах боломжийн талаар 9770 иргэнд мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгчээ. Өдөрлөгт оролцсон 57 МСҮТ оролцож, үйл ажиллагааг танилцуулсан байна. энэ үеэр 350 гаруй залуус МСҮТ-үүдэд суралцахаар бүртгүүлжээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ