Нийслэлийн удирдлага иргэдийн саналд тулгуурлан шийдвэр гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-21 11:55:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас өчигдөр буюу энэ сарын 20-нд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн талаар НЗД С.Батболд мэдээллээ.

1994 онд анх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хүн амын тоо, нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн тул уг хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. Тухайлбал, нийслэлд Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь аж төрж байгаа юм. Мөн ДНБ-ийн 64.3 хувийг нийслэлд үйлдвэрлэж байна хэмээн Хотын дарга мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Нийслэлийн удирдлага аливаа шийдвэр гаргахдаа иргэдийнхээ саналд тулгуурладаг байх ёстой гэсэн үзэл энэ хуулийн гол агуулга юм. Хуульд хэд хэдэн шинэ заалт орсон. Өнөөдөр сумтай ижил статустай байгаа дүүргүүдийг аймагтай дүйцүүлэхээр тусгасан. Нийслэлийн нэг дүүрэгт 150-330 мянган хүн амьдарч байна. Харин нэг аймаг 70-80 мянган хүн амтай. Өөрөөр хэлбэл, нэг дүүргийн хүргэж байгаа үйлчилгээ 4-5 аймагтай тэнцэнэ гэсэн үг. Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа төрийн болон орон нутгийн өмчид үйлдвэрийн газруудын менежментийг сайжруулах, хот өөрөө орлого бүрдүүлдэг байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Энэ хуулийн төсөлд орсон нэг зүйл нь оршин суугчдын эрх, үүргийн асуудлыг тусгаж өгсөн. Тухайлбал, шилжиж ирсэн хүмүүс хотын захиргаа эсхүл дүүргээс зааж өгсөн газарт амьдарна гэж заасан. Улаанбаатар хотод шилжиж ирсэн хүмүүс дуртай газраа хашаа бариад амьдардаг байсныг зогсоох юм. Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Дагуул хоттой байх, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд үнэ төлбөргүй эсхүл төсөл шалгаруулах зорилгоор эзэмшихээр зааснаас бусад газрыг зөвхөн Нийслэлийн газрын биржээр дамжуулан худалдана гэсэн заалт оруулж өгсөн. Мөн Нийслэл өөрийнхөө томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний үнэт цаас гаргаж болно.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах чиглэлээр НЗД-д хэд, хэдэн эрх, үүрэг өгсөн. Тухайлбал, тээврийн хэрэгсэлд хязгаарлалт тогтоох, агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрсэн бол нийтэд зарлаж, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хязгааралт тогтоох юм. Мөн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг бууруулах, тэглэх эсхүл нэмэх зэрэг эрхтэй болж байгаа юм” хэмээв.

Нийслэл хот өргөжин хөгжихийн хэрээр тулгамддаг нэг асуудал нь нийтийн тээвэр. Тиймээс хуулийн төсөлд нийтийн болон ачаа тээврийн төв байгуулах, Улаанбаатар хотын гудамжийг засварлах, хаах, нээх эрхийг НЗД-д олгохоор тусгасан. Түүнчлэн ногоон байгууламж, ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор тодорхой газар нутгийг тусгай хамгаалалтад авах, хязгаарлалтын бүс тогтоох эрхийг НЗД-д олгох юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ