“Нийтийн эргүүл” гэмт хэргийг бууруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-21 01:47:51

Дархан сумын ГХУСАЗЗ-ийн ээлжит хурал болж сумын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв. “Хулгай болон бусад гэмт хэргийн нөхцөл байдал, анхаарах асуудал”-ын талаар тус сумын 6, 7, 13 дугаар багийн Засаг дарга нар мэдээлэл хийв. Зургадугаар багийн Засаг дарга Р.Урангуа хийсэн мэдээлэлдээ “Багийн нутаг дэвсгэрт гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж гэмт хэрэгт холбогдож болзошгүй иргэдийн судалгаа гаргаж Цагийн газартай хамтран ажиллаж долоо хоногт хоёр удаа оройн цагаар багийн иргэдээс эргүүл гаргаж байгаа нь үр дүнгээ өгч байна” гэв. Долдугаар багийн Засаг дарга Ч.Цэрэннадмид: “Манай багт хөл хөдөлгөөн ихтэй “Төв зах” болон томоохон худалдааны төвүүд байрладаг учраас хэрэг зөрчлийн тоо бусад багуудынхаас өсөлттэй гардаг. Хулгай, архидан согтуурагчид тасардаггүй. Тиймээс манай багийн цагдаа багийн төвд байрлаж ажилладаг учраас зах дээр хяналт тавьж чаддаггүй. Учир иймд нэг цагдаа нэмж өгвөл зах дээр ажиллуулмаар байна. Хэрвээ тэгвэл гэмт хэргийн гаралт буурах боломжтой” гэсэн хүсэлт тавив. Харин 13 дугаар багийн Засаг дарга Б.Нямбаяр багийнхаа нутаг дэвсгэрт  “Нийтийн эргүүл” зохион байгуулж иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж 2160 иргэнийг хамруулсанаар гудамж талбайд гардаг хэрэг зөрчил арилсан тухай ярилаа. Зөвлөлийн гишүүд мэдээллүүдийг сонсоод Багуудын Засаг дарга нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдтэй тулж ажиллах, солилцож буй мэдээлэл дээрээ тулгуурлан гэмт хэргийн нөхцөл байдлын судалгааг хийж урьдчилан сэргийлэх ажлаа зохион байгуулах үүрэг өглөө.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ