Шотландын дуучин шилдэг болж, Г.Ариунбаатар төрөлдөө тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2017-06-20 16:31:19
Би Би Си агентлагаас хоёр жил тутам дуурийн дуучдын дунд зохион байгуулдаг BBC Cardiff Singer of the World тэмцээний тэргүүн дээд шагнал болох 2017 оны Дэлхийн дуучин (Singer of the World) шагналыг Шотландын меццо сопрано Катриона Морисон хүртлээ.

Тус тэмцээнд түрүүлсэн Шотландын Катриона Морисонд шүүгчид шагналын 15 мянган фунт стерлингийг гардуулсан байна. Их Британийн Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүн Уэльс орны нийслэл Кардифф хотын Үндэсний найрал хөгжмийн ансамблийн хамт Гэгээн Дэвидийн их танхимд финалын шатанд шалгарч үлдсэн таван дуучин ая дуугаа өргөсөн юм.

Ням гарагт болсон тэмцээний финалын шатанд МУГЖ Г.Ариунбаатар, Австралийн тенор 29 настай Кан Ванг, Америкийн баритон 32 настай Кларк Эванс, Английн сопрано 30 настай Луис Алдер, 31 настай Шотландын меццо сопрано Катриона Морисон нар өрсөлдсөн билээ.Долоо хоногийн турш үргэлжилсэн тус тэмцээнд дуурийн 20  дуучин оролцсон ба тэд анхан шатны шалгаруулалтад оролцсон 400 хүнээс сонгогдсон юм. 


Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар The Song Prize төрөлд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дуулж, тухайн төрөлдөө түрүүлсэн юм. Түүний дуу үзэгчдийн төдийгүй мэргэжилтнүүдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан билээ.

Энэ удаагийн үзэгчдийн нэрэмжит шагналыг Английн сопрано Луис Алдер хүртсэн байна. Үзэгчдийн нэрэмжит шагналыг үзэгчдийн хамгийн их саналыг авсан дуучинд олгодог бөгөөд санал хураалт зөвхөн Их Британийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн дунд явагдсан хэмээн Би Би Си агентлагаас мэдээлж байна.
 
 Д.Өлзий
Холбоотой мэдээ