Богд суманд 4 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-06-12 14:36:15
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн Богд сумын Өлзийт хошуу багийн нутаг, Бага Богд уулын өврөөр өнгөрсөн өдрүүдэд хоёр удаагийн газар хөдлөлт болсон байна. 2017 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн үдээс хойш бага зэргийн чичирхийлэл явагдсан бол 6 дугаар сарын 11-ний оройн 22 цагийн орчимд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг сумын ЗДТГ-ын дарга Д.Ганбаатараас тодруулахад “Газар нутагт өөрчлөлт орж, ард иргэдэд хохирол учирсан зүйл байхгүй. Гэхдээ хоёр өдрийн давтамжтай, ойрхон газар хөдлөлт боллоо. Хагас сайн өдөр бага зэрэг мэдэгдэхүйц чичирхийлэл явагдсан. Өчигдөр орой нэлээн дуу чимээ, нүргээнтэй газар хөдөлсөн. Дахиж газар хөдлөх шинж илэрвэл даруйхан мэдэгдээрэй гэж нутгийн айлуудад захиад байна. Мөн сумын иргэдэд сэрэмжлүүлэг, зарлалыг хүргээд байна” гэлээ.
Бага Богд уулын ойр орчимд зургаан айл зусч байгаа бөгөөд газар хөдөлсөн тохиолдолд тэр даруй утсаар мэдэгдэх боломж байхгүй, уул руу утасны сүлжээ орох газар гарч ярьдаг гэнэ.
Газар хөдлөлтийн талаарх мэдээллийг аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Ж.Алтангэрэлээс тодруулахад “Тэр орчмын газар хөдлөлтийг мэдээлдэг  станц нь Баянхонгор аймгийн Богд суманд байдаг. Тэндээс газар хөдлөлтийн тухай мэдээллийг шууд ОБЕГ-т мэдээлсэн байсан. Манай газарт мэдээлэл ирээгүй байна. Сумынхантай холбогдоход үзэгдэл төдий чичирхийлэл мэдэгдсэн гэж хэлсэн” гэлээ.
Богд сумын Арц Богд, Их, Бага Богд уулын орчимд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж байсан бол 2006 онд 6 орчим баллын хүчтэй чичирхийлэл явагдаж байжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ