“Монгол цуур” төсөл хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-29 13:05:38

Монгол өв соёлын нэгээхэн хэсэг болсон цуур хөгжмийн уламжлалыг нэхэн сэргээх, өвлүүлэх, хамгаалах зорилгоор “АПУ” ХК, Хан-Уул дүүргийн соёлын ордон хамтран “Монгол цуур” төслийг санаачлан, хэрэгжүүлж байна. 

Энэхүү төсөл нь хүүхэд, залуучуудад цуур хөгжмийн боловсрол олгох, тэдний авьяас чадварыг үндэсний хөгжмөөр дамжуулан хөгжүүлэх, мартагдаж буй өвийг хүүхэд залуучуудад өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой.

АПУ компанийн Үйлдвэрлэл, үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхбилэг “Цуур хөгжим бол ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн гайхамшигт үндэсний хөгжим. Гэтэл Монгол цуурын талаар мэдээлэлтэй, хөгжимдөж тоглодог хүн цөөхөн бий. Төсөл нийтдээ 3500 гаруй хүнийг хамарч хэрэгжиж байна. Дэлхийн өвд бүртгэгдсэн цуур хөгжмийг мартагдах аюулаас сэргийлж энэ төслийг хэрэгжүүлж байна. Цаашид ч манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үндэсний соёл, түүх, заншлыг хадгалах, хамгаалах  талаар анхаарч ажиллах болно” гэв.

Хан-Уул дүүргийн Соёлын төвийн ахлах мэргэжилтэн Д.Отгонбаяр, “Дөрвөн сарын турш үргэлжилсэн сургалтдаа цуур хөгжмийг өвлөөд явах боломжтой, морин хуур тоглодог, хөөмийлдөг хүмүүсийг сонгосон.  Эдгээр хүмүүс зөвхөн өөрөө цуур хөгжим эзэмшээд зогсохгүй цаашаа хүүхдүүдэд, ард иргэдэд цуур хөгжмийн талаар мэдээлэл түгээх юм. Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 16 сургуулийн 3500 гаруй сурагчдад “Соёлын өв ба Монгол цуур” сэдвээр хичээл орж байгаа” гэлээ.

Төслийн хүрээнд  өнгөрсөн долдугаар сараас Хан-Уул дүүргийн 16 хорооны иргэдээс  50 суралцагчийг сонгон авч цуур хөгжмөөр дамжуулан язгуур хөгжмийн боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх нөхцлийг бүрдүүлж,  40 удаагийн сургалтыг зохион байгуулжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ