Хүйсийн эрх тэгш харилцааг хангахад хамтран ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2017-05-31 10:57:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Канадын ГХЯ-ны Хойд Ази, Далайн бүсийн орнуудын асуудал хариуцсан Ерөнхий захирал Сара Тэйлорыг  өчигдөр хүлээн авч уулзан Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэхийн сацуу хоёр талын дээд, өндөр түвшний харилцан айлчлал болон хамтын ажиллагааны зөвлөлдөх механизмуудыг тогтмолжуулахын чухлыг тэд онцлов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уул уурхай өндөр хөгжсөн Канадын компаниуд Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулж амжилттай ажиллаж байгааг тэмдэглэж, цаг агаарын ижил төстэй нөхцөлтэй Канадын хөдөө аж ахуйн хөгжил дэвшлээс суралцах, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн сонирхолтой байгаагаа онцлов. Мөн Монголын төрийн албыг бэхжүүлэх, парламент дахь эмэгтэйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх, нийтийн албаны ил тод байдлыг дэмжих, олборлох салбарын менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй Канадын төслүүд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч  байгааг дурдан талархал илэрхийлэв.

Хатагтай Сара Тэйлор Канад, Монголын хамтын ажиллагаа, ялангуяа Канадын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд Засгийн газар нь хөгжлийн тусламжийн бодлого чиглэлийг шинэчилж байгааг мэдээлэв. Тэрбээр Канадын удирдлага шинэ бодлогодоо нийгэм дэх охид, эмэгтэйчүүдийг оролцоог дэмжих, хүйсийн эрх тэгш харилцааг хангахад анхааран ажиллаж байгааг дурдаж, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр манай хоёр улс олон улсын түвшинд, ялангуяа НҮБ-ын хүрээнд хамтран ажиллах, бие биенээ үргэлжлүүлэн дэмжин ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ