Эрчим хүчний үр ашиг төслийн ач тусыг дахин хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-24 14:06:50
Завхан /МОНЦАМЭ/ Завханы Тосонцэнгэл, Идэр сумын сургуулийн дотуур байрыг ирэх намар гэхэд бүрэн засварлаж дуусгана.
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төслийн багийнхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн нартай уулзаж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээний дагуу ГОУХАН-ийн Эрчим хүчний үр ашиг төсөл, Швейцарийн хөгжлийн агентлаг 50 хувь, Завхан аймаг Орон нутгийн хөгжлийн сангаас 50 хувийн санхүүжилт гаргаж дээрх хоёр сумын сургуулийн хүүхдийн дотуур байрыг засварлахаар болжээ.  
Дашрамд ГОУХАН-ийн Эрчим хүчний үр ашиг төсөл Завхан аймагт 9 барилгын дулаан адлагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгоход нийт гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс 1.9 тэрбумыг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, 1.1 тэрбум төгрөгийг Орон Нутгийн Хөгжлийн сангаас гаргасан байна. Эрчим хүчний үр ашиг төсөл нь  Завхан аймагт хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилгын дулаан алдагдлыг бууруулах, бүрэн болон өргөтгөсөн засвар үйлчилгээг үзүүлжээ. Ийнхүү үр ашигтай төслийн үр шимийг хүүхдүүд хүртэж дулаан орчинд сурч боловсрохоос гадна тухайн сургууль, цэцэрлэгийн ашиглалтын зардлууд ч мөн буурч буй давуу талтай байгаа ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ