Аймгийн нийтийн номын сан шинэ байрандаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-20 17:41:42
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийтийн номын сангийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус барилгын ажлыг 2011 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлагдаж, гүйцэтгэгчээр “Донж хацу”ХХК шалгаран 400,0 сая төгрөгийн өртгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан хэдий ч барилга угсралтын ажил 92 хувьтай зогссон байсан юм. БСШУСЯ-наас обьектыг байнгын ашиглалтанд оруулахаар 2016 оны улсын төсөвт батлагдсан 142,0 сая төгрөгийг зарцуулах эрхийг орон нутагт шилжүүлсэн. Барилгын дутуу ажлыг аймгийн “Тамирын Цахиур” ХХК гүйцэтгэж өнөөдөр хүлээлгэж өглөө.

Номын сангийн нээлтийн арга хэмжээнд олон зочид төлөөлөгчид ирсэн байлаа. “Аймгийн номын санд номын баяжилтанд нь зориулж 3 сая төгрөгийг, сумын номын сангуудад нэг нэг сая төгрөгийг шийдвэрлэж өгнө. Ямар ном эрэлт хэрэгцээтэй байна. Тэр номоо худалдаж аваарай” хэмээн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэллээ.

Мөн нийтийн номын сангийн электрон каталогийн программ, соронзон хаалга зэргийг авахад нь аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 10 сая төгрөгийг шийдэж өгсөн байна.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ