65 хүнтэй Японы жуулчдын баг Кунашир аралд визгүй зорчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-19 11:31:28
ТОКИО./TASS/. 65 хүний бүрэлдэхүүнтэй Японы жуулчдын баг Хоккайдо арлын Немуро боомтоос хөлөг онгоцонд суун Өмнөд Курилийн Кунашир арал руу визгүй аялал хийхээр хөдөлжээ. “Kyodo” агентлагийн мэдээлснээр эдгээр жуулчид тус арал дээр 5 дугаар сарын 22 хүртэл байх ажээ.

Тэд аяллын хугацаанд өвөг дээдсийнхээ шарил дээр очиж, нутгийн иргэдтэй уулзалт хийж, дунд сургуульд зочлох юм.

Энэ удаагийн аялал нь 2017 онд хийж буй хоёрдахь аялал бөгөөд эхнийх нь 5 дугаар сарын 15-18-ны хооронд болжээ.

Курилийн арлуудын өмнөд хэсэгт амьдарч байсан Японы иргэд, тэдний гэр бүлийнхэн, судлаачид, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, сэтгүүлчид энэ нутагт визгүйгээр зочлох боломжтой. Аяллыг тусгайлан гаргаж өгсөн хөлөг онгоцоор хийдэг ба Оросын нисэх онгоц түрээслэх асуудлыг Японы тал судалж байгаа аж.

Өмнөд Курилийн арлууд болох Итуруп, Кунашир, Шикотан болон бусад жижиг хэд хэдэн эзэнгүй арлуудыг 1945 онд Дэлхийн II дайны дараа ЗХУ өөрийн бүрэлдэхүүнд оруулсан юм. ЗХУ, Япон улсын нутаг дэвсгэрт байгаа Оросын болон Японы оршуулгын газруудыг харилцан эргэж очиж байх тухай 1986 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хэлэлцээрээр дээрх арлуудад оршин сууж байсан япон иргэд болон тэдний гэр бүлийн гишүүд өмнөд Курил руу визгүй зорчих эрхтэй болжээ.

1991 онд визгүй зорчих тухай уг журам жуулчдад үйлчилж эхэлсэн байна. 1992 оноос хойш Курилийн арлуудад нийтдээ 21 300 гаруй япон иргэд зочилсон бол Курилийн арлуудын 9600 гаруй оршин суугчид Японоор аялжээ.
О.Барс 

 

 

 

 


Холбоотой мэдээ