Малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах төсөл хаалтаа хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-18 14:49:57
Архангай /МОНЦАМЭ/. Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрөөс “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг Архангай аймгийн Хангай, Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Хашаат, Хотонт, Өлзийт сумдын малчин өрхийн 5-10 насны хүүхдүүдэд үзүүлэх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2012-2017 онд хэрэгжүүлэн дуусч, өнөөдөр төслийн хаалтыг хийлээ.
 
Төслийн хүрээнд Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр, Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр, Бага боловсрол нөхөн олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сумдын сургууль, дотуур байруудад “Миний номын өргөө”, “Хүүхэд хөгжлийн танхим”, “Бага боловсрол нөхөн олгох танхим”-ууд байгуулах, сургагч багш бэлтгэх, тэтгэлэгт жижиг төслүүд хэрэгжүүлэх, орон нутгийн боловсролын зөвлөл /ОНБЗ/-ийн гишүүдэд сургалт зохион байгуулах үйл ажиллагаануудыг нийт 277.6 сая төгрөгийн санхүүжилтээр хийж хэрэгжүүлжээ.
 
Дээрх 10 сумын 5-10 насны 3349 хүүхэд, 6698 эцэг эх, сургууль, цэцэрлэгийн 695 багш, ажилтнууд, сумын ИТХ, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, сум, багийн Засаг дарга, ЗДТГ-ын ажилтнууд, эмч нийт 623 хүн, 374 сайн дурын иргэд төсөлд хамрагдаж шууд үр шимийг хүртсэн байна.
 
Төслийн хаалтын арга хэмжээний үеэр “Багш нарын арга зүй сайжирсан, 5-10 настай хүүхдүүдийн сурч хүмүүжих орчин бүрдсэн, эцэг эхийн хүүхдийнхээ боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд өөрөө оролцох оролцоо нэмэгдсэн нь энэ төслийн хамгийн гол ач холбогдол гэж үзэж байна. Цаашид аймаг орон нутгийн зүгээс эдгээр сумдад хийж хэрэгжүүлсэн ажил, арга барил, сайн туршлагуудыг бусад сумдад түгээн дэлгэрүүлэх, нутагшуулахад анхаарч ажиллана” гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид хэллээ.
 
Төсөл нь Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжжээ. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ