Сүхбаатар аймагт 700 орчим сурагч 12 дугаар анги төгсөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-18 11:42:54
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улс орон даяар ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн шалгалтын бэлтгэл ажил хангагдаж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ хавар 700 орчим сурагч 12 дугаар анги төгсөнө.
Тус аймагт 16 ерөнхий боловсролын болон бүрэн дунд боловсролын сургууль бий. Тус сургуулиудын хэмжээнд 12 дугаар ангийг 690, ес дүгээр ангийг 819, тавдугаар ангийг 900 орчим сурагч төгсөнө. Төгсөгчдөөс авах шалгалтын бэлтгэл ажил хангагдаж байна. Аймгийн боловсрол соёл урлагийн газрын даргын тушаалаар шалгалтын ажлын хэсэг байгуулагджээ.
“Урьд жилүүдэд улсын шалгалтын материалын сургуулиуд өөрсдөө бэлтгэдэг байсан. Энэ үед ихэнх хүүхдүүд онц сайн дүн авдаг байсан. Тэгэхээр шалгалтын дүнг бодит гэж хэлэхэд хэцүү. Харин өнгөрсөн жилээс Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын материалыг боловсруулж, цахим хэлбэрээр материалыг тараадаг болсон нь их үр дүнтэй ажил болсон. Энэ жилийн хувьд ч мөн адил шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө материал тараагдана. Дүн нь өдөртөө гарна. Мөн урьд жилүүдэд ямар нэгэн байдлаар шалгалт улс орон даяар нэгэн зэрэг явагдлаж чаддаггүй байсан бол энэ жил бүгд яг нэг цагт зэрэг явагдахаараа их онцлог байгаа. Ингэснээр улсын хэмжээний сргуулиудыг шалгалтын дүнгээр нь нэгтгэн хооронд нь харьцуулж чанарын үнэлгээ хийх бүрэн боломжтой болно. Сургуулиуд ч өөрсдийгөө ямар түвшинд байгааг мэдэж авна гэсэн үг. Аймгийн боловсрол соёл урлагийн газар /БСУГ/ бол зөвхөн шалгалтын зохион байгуулалтыг л хийнэ. Өөр зүйлд оролцохгүй. Тиймээс бидний зүгээс шалгалт явагдах 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд цахилгааны эх үүсвэрээр найдвартай хангуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, бусад хэрэгслүүдээр найдвартай хангах тал дээр анхааран ажимллаж байна...” хэмээн аймгийн БСУГ-ын дарга Л. Байгалмаа хэллээ.
Харин элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ 06 дугаар сарын 14-нөөс эхлэх бөгөөд Сүхбаатар аймгийн хэмжээнд 660 гаруй сурагч ЭЕШ-д орох юм байна.  
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ