Өмнөд Солонгосын парламент энэ сарын 25-нд шинэ Ерөнхий сайдыг томилно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-05-16 14:13:41
СӨҮЛ./TASS/. БНСУ-ын Үндэсний хурал /парламент/ 5 дугаар сарын 24-25-нд Ерөнхий сайдын албан тушаалд Чолла-Намдо мужийн захирагч асан Ли Нак Ён-ыг батлах асуудлаар сонсгол хийх гэж байна. Энэ тухай Chunan Ilbo сонинд мэдээллээ.

Ийм шийдвэрийг Үндэсний хурлын дарга Чон Се Гүн засгийн эрх барьж буй “Тобуро” Ардчилсан нам болон Ардын нам, Солонгосын эрх чөлөөний нам, “Парын” намын дарга нартай уулзах үеэр гаргасан байна.

Ерөнхийлөгчийн засаг захиргаа, эрх баригч “Тобуро” Ардчилсан намын удирдлага "нэр дэвшигч Ли Нак Ён-ыг аль болох ойрын хугацаанд Ерөнхий сайдаар батлуулахын төлөө байна, ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжтой болно" гэж мэдэгдэж байсан юм.

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 5 дугаар сарын 10-нд Ли Хак Ён-ыг Ерөнхий сайдын албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэн юм. Нэр дэвшигч 21 жилийн турш сэтгүүлчээр ажиллаж, дараа нь 14 жил депутатаар, 3 жил мужийн захирагчаар ажиллажээ.

Мөн Ерөнхийлөгчийн засаг захиргаа энэ долоо хоногийн эхээр Үндэсний хуралд Со Хун-ыг Үндэсний тагнуулын албаны даргаар томилох саналаа оруулсан байна.

Мүн Жэ Ин 5 дугаар сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 41,1 хувийн санал авч ялалт байгуулсан билээ. Ээлжит бус сонгуулиар сонгогдсон учраас Мүн Жэ Ин ямар нэгэн шилжилтийн хугацаа гэлгүйгээр шууд ажилдаа оржээ.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ