Д.Трамп Оросын албаны хүмүүст нууц мэдээллийг дэлгээгүй гэв

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-05-16 09:38:42
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Зууван танхимд Оросын албаны хүмүүсийг хүлээн авч уулзах үеэрээ  маш нууц мэдээллийг дэлгэсэн гэх мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х. Р. Макмастер болон Д.Трампын засаг захиргааны бусад гишүүн үгүйсгэлээ.

Х. Р. Макмастер өчигдөр орой Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээWashington Post” сонинд анх гарсан уг мэдээллийг “ташаа мэдээлэл” гэв.

Тэрбээр хэлэхдээ “Ерөнхийлөгч Оросын албаны хүмүүсийг хүлээн авч уулзах үеэрээ ямар ч нууц мэдээллийг дэлгээгүй. Олон нийтэд ил болоогүй ямар нэгэн цэргийн ажиллагааны талаар огт яриагүй” гэжээ.

“Би тэнд байсан. Хэвлэл мэдээлийнхний мэдээлж байгаа шиг юм болоогүй” гэж тэрбээр хэлээд, сэтгүүлчдийн асуултад хариулалгүйгээр Цагаан ордны баруун жигүүр рүү орсон байна.

Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон

Энэ сарын 10-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Оросын Элчин сайдтай хийсэн уулзалтад оролцсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон мөн уг мэдээллийг “худал мэдээлэл” гээд “талууд өргөн цар хүрээг хамарсан асуудлыг, тэдгээрийн дотор терроризмтой тэмцэхийн тулд хүчин чармайлтаа идэвхжүүлэх асуудлыг авч хэлэлцсэн” гэв.

Ерөнхийлөгч Д.Трамп Зууван танхимд Оросын албаны хүмүүсийг хүлээн авч уулзах үеэрээ маш нууц мэдээллийг дэлгэсэн гэж Америкийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн юм.
 
“Washington Post”, “New York Times” болон бусад эх сурвалжийн мэдээлснээр, лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийг тагнаж буй чухал эх сурвалжид аюул учруулж болзошгүй мэдээллийг Д.Трамп дэлгэсэн бололтой.

АНУ-ын Ерөнхийлөгч нь ямар ч мэдээллийг ил болгох эрхтэй байдаг аж. Хэрвээ Д.Трамп эх сурвалжуудын мэдээлж байгаа шиг нууц мэдээллийг дэлгэсэн  бол энэ нь хууль бус үйлдэл биш аж.

АНУ-ын Тагнуулын төв газар болон Үндэсний аюулгүй байдлын газар хэвлэлд гарсан мэдээллийг  мөн няцаалаа.

Г.Доржханд
 
 
 

Холбоотой мэдээ