Мүн Жэ Ин, Д.Трамп нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-11 08:38:49
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мүн Жэ Ин лхагва гарагт тангараг өргөснийхөө дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан тухай Хөх ордон мэдээллээ.

Тэд Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ.

Хоёр улсын удирдагчид лхагва гарагт 30 орчим минутын турш ярилцсан гэж Сөүл болон Вашингтоны албаны хүмүүс мэдэгдэв.

Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч гадаад улс орны удирдагчтай анх удаагаа утсаар ярьсан нь энэ юм.

Солонгосын хойгтой холбоотой бүс нутгийн аюулгүй байдлын талаарх асуудлуудыг шийдвэрлэхэд манай хоёр улсын харилцаа холбоо маш чухал гэж Мүн Жэ Ин онцлон тэмдэглэжээ.

Харин Дональд Трамп  түүнд сонгуульд ялсанд нь баяр хүргээд “Умард Солонгосын цөмийн хөтөлбөр бол их түвэгтэй асуудал юм. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэжээ.

Дараа нь тэрбээр Мүнийг АНУ-д айлчлахыг урьсан байна. Мүн урилгыг хүлээн авчээ.
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ