Хураагдсан архийг хархнууд уусан гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-05-08 13:19:15
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Хурааж авсан хэдэн мянган литр архийг хархнууд уусан гэж Энэтхэгийн зүүн нутгийн Бихар мужийн цагдаа нар мэдэгдлээ.

Тус мужид архи согтууруулах ундаа хэрэглэх, борлуулахыг өнгөрсөн онд хориглосон юм. Тэр үеэс хойш цагдаа нар 900 мянга гаруй литр согтууруулах ундаа хураан авчээ.

Гэтэл хураагдсан архины ихэнхийг хархнууд уусан гэж архийг хариуцаж байсан хүмүүс мэдэгдсэн байна. Энэ хэргийг мужийн цагдаа нар хэдийн шалгаж эхэлжээ.

Бихар мужийг хариуцсан сайд Нитиш Кумар өнгөрсөн онд албан тушаалаа авсныхаа дараахан гэр бүлийн хүчирхийлэл болон ядуурлыг бууруулах үүднээс архи согтууруулах ундаа борлуулахыг хориглосон байна.

Үүний дараа цагдаа нар согтууруулах ундааг хураан авах томоохон ажиллагааг муж даяар явуулж, орон гэр болон дэлгүүртээ согтууруулах ундаа хууль бусаар хадгалж байсан 40 мянга гаруй хүнийг баривчилжээ.

Хураагдсан архийг хариуцаж байгаа хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтмол шалгаж байгаа аж.

Тус мужийн хуулиар, архи согтууруулах ундаа худалдаж, хэрэглэсэн хүнд 10 жилийн хорих ял оноох юм.
 
Г.Доржханд

.
 
Холбоотой мэдээ