Буриадын нутагт гал түймрийн аюул ноцтой түвшинд хүрчээ

Дэлхийд | Нийгэм
adiyakhuu@montsame.mn
2017-04-29 15:53:38
УЛААН-ҮД./TASS/. Буриадын нутаг дэвсгэрт гал асч буй бүхий л тохиолдлыг хатуу хяналтанд авахыг ОХУ-ын Онцгой байдлын сайд Владимир Пучков үүрэг болголоо.

Тэрбээр засгийн газрын комисс болон Бүгд Найрамдах Буриад улсын Онцгой байдлын комиссын хамтарсан ажлын хэсгийн хуралдаанд оролцон үг хэлэхдээ “газар эзэмшигчид, түрээслэгчид бүгд хариуцлагатай байх хэрэгтэй” гэдгийг анхааруулсан байна.

Буриадад онцгой байдлын дэглэм тогтоож, галын түймрийн аюулын маш ноцтой түвшний түгшүүр зарласан болохыг сайд сануулан дурдлаа. Хогийн ургамал, хуурай өвс шатаах, түүдэг гал асаахыг бүрмөсөн хориглосон гэдгийг В.Пучков дахин сануулав.

Үүний сацуу тэрбээр гал түймэрт өртөн орон гэргүй болсон Черемушки тосгоны оршин суугчдын амьдрах хэвийн нөхцлийг хангаж чадахгүй байгаа Буриадын “Роспотребнадзор” байгууллагын албан тушаалтнуудыг шүүмжиллээ.

Өчигдөр буюу баасан гарагт галын аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөний улмаас Черемушки тосгонд 20 гаруй байшин шатсан байна. Онцгой байдлын яамны мэдээллээр, хуурай өвс шатааж буй нутгийн оршин суугчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас түймэр гарч байгаа аж.  

Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ