90 орчим мянган толгой мал Ховд, Увс аймгийн нутагт оторлоно

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-10-26 11:36:25

 Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен цаг үеийн байдлын талаар нийтэд мэдээлэв.

–Өвлийн бэлтгэл ажил аймгийн хэмжээгээр ер гаруй хувиар хангагдлаа. Сургууль, эмнэлгүүдийн зарим дутуу зүйлийг ойрын өдрүүдэд гүйцээж бэлэн болголоо.  Мал сүргийн өвс тэжээлийг өнгөрсөн оныхоос ахиу бэлтгэсэн. Аюулгүйн нөөцөд өвс нэмж авлаа. Зуны сүүлчээр зарим нутагт бэлчээр гандсаны улмаас 90 орчим мянган толгой мал Ховд, Увс аймгийн нутагт оторлохоор боллоо. Өлгий сумын дулааны станц дөрвөн зуухтай болж хүчин чадал нь нэмэгдлээ. Гурван сар түлэх хорь орчим мянган тонн нүүрсээ татаж аваад энэ ажлаа үргэлжлүүлж байна. Гэр хорооллынхны дийлэнх хэсэг нь уурхайгаас бүхэл нүүрс авсан. Одоо шигшигдсэн, стандартын чанарыг хангасан бутархай нүүрс авч байна. Цаг агаар хүйтэрч эхлэв. Арван нэг, арван хоёрдугаар сард хэвийн хэмжээнээс илүү цас орох төлөвтэй тул болгоомжтой байх нь чухал. Эдийн засгийн байдал хэдийгээр хүнд байгаа ч цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж тасралтгүй олгогдно. Орон сууцны зээл үр ашгаа өгч байна. Өнгөрсөн гурван жилд 420 орчим айл өрх орон сууцанд орж, нас нь хүрсэн ч тэтгэвэр  авч амжаагүй 2700 орчим хүн, халамж авч байсан 1500 орчим иргэн тэтгэвэр тогтоолгов. Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй, орлогогүй 120 гаруй хүнийг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хуваарилан хариуцуулж дэмжлэг үзүүлсэн. Одоо ийм арга хэмжээнд ная гаруй өрх хамрагдаж байна. Мал, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ зах зээлийн харилцааны жамын дагуу буурсан явдал бий. Гадагшаа мал мах гаргах ажлыг хөөцөлдөөд байна. Алтай суманд гарсан халдварт өвчний тархалтыг хязгаарлан, өвчилсөн малыг эдгээсэн. Орлогын төлөвлөгөө давж биелээд байна гэж тэр ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ