Бямба гарагт “Нарны алхалт” хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-21 14:27:29
 "Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 119 дүгээр зарлиг, УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”,  Засгын газрын 2011 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Бие бялдрын хөгжлийн төвшин тогтоох сорил” сарын аяныг энэ сарын 15-наас эхлүүлсэн юм.
 
 Уг аяны эхлэл болгож төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй иргэдийг оролцуулсан сургалт явуулж 22-ны Бямба гарагт “Нарны алхалт” хийхээр болжээ. Тус алхалтыг “Монголын спорт аяллын холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл”, аймгийн Засаг даргатай байгуулсан санамж бичгийн хүрээнд явуулах аж. Төрийн захиргааны албан хаагчид бямба гарагт “Морин хуур” цогцолборын өмнө цугларч биеийн жин, бүсэлхийн тойрог, даралтаа үзүүлж тус цогцолбороос уруудаж “Дүүжин гүүр”-ээр дамжиж “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн төв замаар алхалт хийж “Дархан-50 цогцолбор”-т ирж хийн дасгал хийнэ. Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгон чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой энэхүү “Нарны алхалт” үе шаттайгаар үргэлжилж явагдах юм байна. Мөн “Өөрийгөө ялах бүх нийтийн марафон” гүйлт, “Дугуйн баяр”, “Бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг явуулахаар төлөвлөжээ.
                                                                                                                                                     Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ