Төрөх тасгийн засварын ажлыг гүйцэтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-20 17:00:35
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн дотоод  засварын ажлыг гүйцэтгэх компани тендер  сонгон шалгаруулалтаар  шалгарчээ.

Засварын ажлыг  нийт 116 сая төгрөгийн  төсөвт өртгөөр “Айсуй хөгжил” ХХК компани гүйцэтгэхээр болсон байна.  Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1998 оноос эхлэн бүрэн хэмжээний засвар үйлчилгээ огт хийгээгүй бөгөөд  2016 оны сүүлчээр эмнэлгийн ажилтнууд өөрсдийн нөөц бололцоог ашиглан тодорхой хэмжээний засварыг хийж байжээ.

Иж бүрэн засвар хийснээр жирэмсэн эхчүүд тав тухтай, тохилог орчинд амаржиж, эмч сувилагч нар шаардлага хангасан өрөө тасалгаанд ажиллах боломж бүрдэнэ.

Төрөх тасагт одоогийн байдлаар найман эх баригч, таван сувилагч, дөрвөн асрагч ажилладаг байна. Мөн их эмч, асрагчийн орон тоо дутагдалтай байдаг аж.

Х.Эрдэнэбулган   
Холбоотой мэдээ