Нийслэлийн Засаг дарга С.Батболд “КИОДО” агентлагт ярилцлага өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/.Токио хотын даргын урилгаар Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 4 дүгээр сарын 19-нд Япон улсын мэдээллийн “Киодо” агентлагийн сурвалжлагчид Улаанбаатар, Токио хотын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлага өглөө.
Ярилцлагын эхэнд С.Батболд Улаанбаатар хот гадаад харилцааны бодлогын хувьд Зүүн хойд Азийн хотуудтай харилцаагаа улам өргөжүүлэхээр ажиллаж байгааг онцолж, энэ удаагийн айлчлал нь Токио хоттой өмнө нь тогтоосон харилцаагаа өргөжүүлж, шинээр сонгогдсон хотын даргатай уулзан, хоёр хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой болохыг дурдав.
Мөн Токио хотын Засаг дарга, хатагтай Юрико Койкэтэй уулзах үеэрээ хатуу хог хаягдлын менежмент, агаарын бохирдлыг бууруулах ажлын талаар болон хоёр хотын хооронд хот төлөвлөлтийн чиглэлээр захиргааны ажилтан солилцон дадлагажуулах, соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар ярилцлаа. Улаанбаатар хот аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байгаа. Энэ хүрээнд Японы жуулчдыг Улаанбаатар хотод авчрах, тэдэнд зориулсан бүтээгдэхүүнийг бий болгох, Улаанбаатарт хөрөнгө оруулсан Японы хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллах болно. Хоёр хотын хооронд эдийн засаг, худалдааны харилцааг өргөтгөх зайлшгүй шаардлага бий. Монгол Улс зөвхөн тусламж авдаг улс биш. Харилцан ашигтай, эдийн засаг, худалдааны түнш улс байхыг зорьж байна” гэв.
Япон улсын Мэдээллийн "Киодо" агентлаг нь Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай 1983 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ярилцлагыг энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулсан юм.
Ш.Батболд. Токио хот.