Эмэгтэйчүүдийн 6 эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-10-23 18:14:07

НМХГ-аас эх барих эмэгтэйчүүд, арьс гоо заслын эмнэлгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийж, уг шалгалтаар эмэгтэйчүүдийн 6 эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Шалгалтад Эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ортой болон оргүй нийт 84 эмнэлэг, Арьс, гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ортой, оргүй  15 эмнэлэг нийт 99 эмнэлэг хамарчээ. Тэд хувийн хэвшлийн эмнэлгүүд бөгөөд ортой эмнэлэг 20, сувилал 2, оргүй 77 эмнэлэг байв. Шалгалтаар эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай нь холбоотой нийтлэг зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, шалгалтад хамарсан эмнэлгүүдийн 48 буюу 56 хувь нь зураг төслийн дагуу баригдаагүй зориулалтын биш байранд үйл ажиллагаа явуулж байв. Мөн ариутгал хийдэг 29 эмнэлгийн 58 хувьд нь бохир багаж, хэрэгсэл, материалыг хүлээн авах, угаалга, халдваргүйжүүлэлт хийх, хатаах, засварлах,  боох, савлах, ариутгах, ариун багаж, материал хадгалах зэрэг зориулалтын 3-5 өрөөтэй байх шаардлагыг зөрчиж байгааг НМХГ-ын дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.

Тухайлбал, “Нарру family”, “Арвин шүүдэр”, “Энх-Од”, “Ирээдүй өнөр бүл”, “Зээ”,  “Бүсгүй” зэрэг байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, 15 байгууллагад 6 сая 612 мянган төгрөг, есөн албан тушаалтанд 4 сая 920 мянган төгрөг нийт 11 сая 532 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулсан”  байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ