Төрөлжсөн олимпиадад “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-18 17:19:34
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймагт явагдсан улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа 14 хичээлээр явагдаж дүнгээ гаргав. Уг олимпиадад тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 380 багш, давхардсан тоогоор 1734 сурагч оролцжээ. Эндээс 33 сурагч, 16 багш улсын төрөлжсөн олимпиадад оролцохоор шалгарсан байна.
Төрөлжсөн олимпиадын дүнгийн хурал аймгийн Залуучууд театрт болж аймгийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинбат, Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Боловсрол, Соёл, Урлагийн газрын дарга Р.Батжаргал нар оролцож улсын олимпиадад оролцох багш, сурагчдад батламж гардууллаа.
Аймгийн БСУГ-ын дарга Р.Батжаргал: “Монгол Улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, БСШУСЯ-наас хэрэгжүүлж байгаа боловсролын чанарын шинэчлэл Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж байна. Боловсролын салбарын чанарын нэг үзүүлэлт бол улсын төрөлжсөн олимпиад байдаг. Энэ жилийн төрөлжсөн олимпиадын хоёрын давааны дүнг өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулахад “Оюуны-Ирээдүй”, “Од”, “Жигүүр” цогцолбор, “Монгол-Оюу”, 18, Есдүгээр сургуулиуд өмнөх жилийн амжилтаа бататгаж амжилттай оролцлоо” гэв.
Улсын олимпиадын гурвын даваанд оролцохоор шалгарсан сурагчдыг бэлтгэж дадлагажуулж байгаа багш нарт төрөөс урамшуулал олгохын зэрэгцээ мөн эцэг эхчүүдэд хандсан итгэлийн захидал илгээжээ. Улсын төрөлжсөн олимпиадад оролцсон сургуулийг медалийн тоогоор харьцуулахад “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль 90, “Од” цогцолбор сургууль 36, “Дархан Эмпати” сургууль 34, Есдүгээр сургууль 31 медаль авч бусдыгаа хошуучилсан байна.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ