Умард Солонгос АНУ-ыг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-11 10:06:56

ПХЕНЬЯН. /Kyodo/.  Солонгосын хойгийн ойролцоо, Номхон далайн баруун хэсэгт нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоо байрлуулсан АНУ-ыг Умард Солонгосын тал эрс зэмлэн буруушаалаа.

Умард Солонгосын ГХЯ өнөө өглөө мэдэгдэл гаргажээ.

Австралид байрлуулахаар анх төлөвлөж байсан “USS Carl Vinson” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц болон бусад байлдааны хөлөг онгоцыг Номхон далайн баруун хэсэгт байрлуулах шийдвэрийг АНУ-ын Номхон далайн командлалын тэргүүн гаргасан тухай өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Умард Солонгосын ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд “цөмийн түлшээр ажилладаг нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг Солонгосын хойгийн ойролцоо байрлуулж байгаа нь манай улс руу цөмрөн орох гэсэн АНУ-ын төлөвлөгөө хэрэгжих шатандаа орж байгаагийн илрэл мөн” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “тиймээс манай улс халдан довтлогчдыг сөрөн зогсч, өөрийгөө их хүчээр хамгаална” гээд “АНУ өөрийн эзэрхэг дээрэнгүй үйлдлээс үүдэлтэй сүйрлийн хариуцлагыг өөрөө үүрэх болно” гэж анхааруулсан байна.

Г.Доржханд

 


 

Холбоотой мэдээ