Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-06 17:51:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын холимог хоёрдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулав.

Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, италийн талын төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфаротто нар тэргүүлэв. Мөн италийн талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  тус улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Дорина Бианки орсон байна.

Хуралдаанаар хоёр тал тус тусын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар харилцан мэдээлэл хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам, тээвэр, барилга, хот байгуулалт зэрэг салбарт хамтран ажиллахаар талууд тохирч, Италийн дэвшилтэт технологийг Монголын түүхий эдтэй хослуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөрш орнуудын зах зээлд экспортлох замаар харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр болов. Түүнчлэн, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд италийн талтай хамтран ажиллах, туршлага судлах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр Италиас авах зэрэг тодорхой асуудлыг тохирчээ.

Холимог комиссын хуралдааны хүрээнд Монгол, Италийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, боловсруулах үйлдвэрийн салбарын хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон бизнесийн чуулга уулзалтыг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулсан байна.

Талууд хуралдааны дүнгээр протокол гаргахын сацуу Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.

Холбоотой мэдээ